Алдаж болохгүй боломж
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ХАХНХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Золжаргал, Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан болон албаны бусад төлөөлөгчид орон нутагт ажилалаа.
2013.06.25

Алдаж болохгүй боломж

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ХАХНХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Золжаргал, Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан болон албаны бусад төлөөлөгчид 2013 оны 6 дугаар сарын 17-ноос  6 дугаар сарын 23-ны хооронд Дархан, Эрдэнэт, Булган, Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг сумдуудад албан ажлын томилолт хийж, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааны талаар орон нутгийн иргэдэд мэдээлэл хийж, тэдний санал бодлыг сонслоо. 

Дахиж олдохгүй боломжийг алдаж болохгүй “30” хоног

“Ажилласан жил,  тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль УИХ-аас  2012 оны 09 дугаар сарын 04-ны өдөр батлагдан гарсан. Хууль, түүнийг хэрэгжүүлэх журам батлагдсанаар иргэд, даатгуулагчид 1990-1995 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх нөхцөл бүрдсэн.

Энэ арга хэмжээг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл одоо  ганцхан удаа хэрэгжих уг хуульд хамрагдах иргэдийн бүртгэл  8-р сарын 1-ний өдрөөр дуусгавар болох юм. Ингээд хуулийн хүрээнд ажил цэгцэрсэн тохиолдолд  хуульд шаардагдах нэмэлт эх үүсгэвэр олгох ажлыг 2014 оны улсын төсөв дээр суулгаж , хууль ирэх оноос эхлэн хэрэгжих юм. 

Иймд ганцхан удаа хэрэгжих уг хуулийн хугацаандаа амжиж, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ  нөхөн тооцуулахыг ХАХНХ-ын сайд орон нутгийн иргэдтэй хийх уулзалтынхаа үеэрээ  анхааруулан захиж байлаа. Улсын хэмжээнд уг хуулийн бүртгэлийн ажил 50 гаруй хувьтай байгаа нь хангалтгүй байгаа.

Хуульд хамрагдах иргэдийн бүртгэлийн хугацаа энэ оны 8-р сарын 1-нээр дуусгавар болж, дахин сунгагдахгүй юм.

Хуульд хамрагдах иргэдийн бүртгэлийн хугацаа дуусахад 30 хоног үлдсэн энэ өдрүүдэд аймаг орон нутгийн даатгалын хэлтсүүд хэт ачаалалтай  ажиллаж байлаа. Үүнээс үүдэлтэйгээр хуулийн хугацааг үргэлжлүүлэн сунгана гэж тайвширч, назгайрах хүлээлт орон нутгийн иргэдийн дунд бий болжээ.

Тэгвэл ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэлэхдээ ганцхан удаа хэрэгжих уг хуульд хамрагдах иргэдийн бүртгэлийн хугацааг дахин сунгахгүй.  Тэтгэвэр, тэтгэмж бага,  амьдралд хүрэлцэхгүй байна, тэтгэвэрт гарах эрх үүсэхгүй ажилласан жил дутлаа гэх  зэрэг гомдол, санал иргэдээс байнга хөвөрч байдаг.  

ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн хоёргүй сэтгэлээр санаачилсан “Ажилласан жил,  тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” уг хууль амьдралд ойрхон хэмээн иргэд талархсаар байгаа. Иймд ганц олдох хуулийн боломжийг өөрсдийн хэнэггүй, хойрго байдлаасаа болж алдахгүй ашиглахыг иргэдэд уриалж байна. Хуульд хамрагдах иргэдийн бүртгэлийн хугацаа энэ оны 8-р сарын 1-нээр дуусгавар болж, дахин сунгагдахгүй юм. 

Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл ба чанартай эмчилгээ үйлчилгээ хүртэх сонголт иргэдийн гарт очно

Нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоог шинэчлэх томоохон ажлыг ХАХНХЯ-ны харьяа хэрэгжүүлэгч агентлагуудынхаа хамт хийж гүйцэтгэхээр төлөвлөгөөт ажлаа эхлүүлсэн нь хөдөө орон нутгийн иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн зорилтот ажлын нэг болжээ. Нийгмийн даатгалын тогтолцоог гурван үе шаттайгаар өөрчилнө.

Нэн тэргүүнд иргэдэд явдал чирэгдэл учруулдаг мөн дээр нь  эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдсан мөнгө юунд зарцуулагддаг нь тодорхойгүй байдаг гэх  шүүмжлэл нэлээд бий. Ийм гомдлыг ч орон нутгийн иргэд олноор тавьж байлаа. 

Даатгуулагчийг хаанд өргөмжилсөн даатгалын тогтолцоог бий болгоно.

Тэгвэл нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн чанартай эмчилгээ үйлчилгээ хүртэх “эрх” зөвхөн иргэн таны гарт очих тогтолцоог бүрдүүлэхээр  ХАХНХЯ ажиллаж байгаа гэдгээ сайд С.Эрдэнэ онцлон мэдээлсэн. Өөрөөр хэлбэл даатгуулагчийг хаанд өргөмжилсөн даатгалын тогтолцоог бий болгоно.

Даатгуулагч өөрөө даатгалын мөнгөө захиран зарцуулдаг,  даатгалын үйл ажиллагаанд хяналт тавьдаг  болох юм. Өнөөгийн нөхцөлд эмнэлгийн байгууллага хүнд суртал гаргаж, иргэдэд явдал чирэгдэл учруулдаг бол даатгалын тогтолцоо шинэчлэгдсэнээр хаана чанартай эмчилгээ үйлчилгээ байна тэнд иргэн сонголтоо хийж үйлчлүүлдэг тийм орчин нөхцөл бүрдэнэ.  

Тодруулбал  иргэн бүрт эрүүл мэндийн даатгалын цахим карт олгоно. Энэхүү картыг эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөө төлөх болон өөрийн өвчний түүхийн мэдээллийг хадгалах гэсэн үндсэн хоёр чиглэлээр ашиглах боломж бүрдэх юм байна.

Ингэснээр эмнэлэгийн үйлчилгээ, эмч, ажилчдын иргэнд хандах хандлага одоо байгаагаас өөрчлөгдөж, даатгалаа төлсөн хэрнээ хангалттай үйлчилгээ авч чаддаггүй, эмч, сувилагчаа гуйдаг буруу тогтолцоо арилж, эргээд даатгуулагчаа эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах нөхцөл бүрдэх юм. 

Энэ нь тухайн даатгуулагч эмнэлгийн үйл ажиллагаа, эмч, ажиллагсдад дүн тавьдаг, өөрийн дураар эмнэлгийн үйлчилгээгээ сонгон үйлчлүүлэх бүрэн боломжтой болно гэдгийг салбарын сайд онцолж байсан. 

Зорилтод бүлгийг шинэчлэн тогтоож, халамжийн үйлчилгээг тэгш хүргэнэ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ахлуулсан ажлын хэсгийхэн хөдөө, орон нутагт ажиллаж, иргэд, хөдөлмөрчидтэй уулзах үеэр хамгийн ихээр хөндөгдөж, анхаарал татаж байсан асуудлын нэг нь нийгмийн халамж, үйлчилгээг хүртээх тухай байв.

Нийгмийн халамж, үйлчилгээг хүртэх ёстой зорилтот бүлэг тодорхой болгоно.

Иргэдийн үзэж буйгаар төрөөс үзүүлж буй халамжийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай эзэндээ бүрэн хүрч чадахгүй байгааг хэлж байсан юм. 

Тухайлбал, орлогыг орлуулан тооцох буюу  хүнсний талоны хуваарилалт төрөөс халамж, туслалцаа хэрэгтэй амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрх, иргэдэд  хүрэхгүй, шударга бусаар тараагдсан тухай сум, орон нутгийн иргэд хэлж, энэ асуудлыг анхаарахыг салбарын сайдаас хүсч байлаа.

Харин салбарын сайд халамжийг үйлчилгээг хүртэх айл, өрхийг судалгааг дахин гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд тухайн иргэн, айл, өрхийн аж амьдралыг сайн мэдэх баг, сум, орон нутгийн удирдлагыг багтаасан мэргэжлийн багаар энэхүү судалгааг хийлгэх юм байна. Ингэснээр нийгмийн халамж, үйлчилгээг хүртэх ёстой зорилтод бүлэг тодорхой болж, төрөөс үзүүлэх халамжийн үйлчилгээ иргэдэд хүрэх төдий бус амьдралд нь хүрэлцэх хэмжээний дэм болохыг онцоллоо.