Хувийн хэвшлийнхэн хотын гудамж талбайг тохижуулж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж,хотынхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд уриалсан юм.
Энэ уриалга, санаачилгын дагуу хувийн хэвшлийн байгууллагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газартай хамтран өөрсдийн хөрөнгөөр хотын гудамж, талбайг тохижуулж байна.
Энэ ажлын эхлэл болж “Оюу толгой” ХХК “Оюутны гудамж” /Монгол Улсын Боловсролын Их сургуулийн уулзвараас Спортын төв ордны баруун хойд уулзвар хүртэл/-ийг тохижуулан явган хүний зам, ногоон байгууламж, бусад тохижилтыг иж бүрнээр нь шинэчилжээ.
Тус гудамжинд оюутан, залуус төдийгүй нийслэлийн иргэд зугаалж, Wi-Fi төхөөрөмжийг ашиглах боломжтой боллоо.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан зургийн даалгаврыг үндэслэн “Идеаль” группийн зураг төслийн дагуу гүйцэтгэсэн бөгөөд нийт 500 орчим сая төгрөг зарцуулсан байна.
Нийт 310 м гудамжинд Монгол улсын “Төрийн дуулал”-д зориулсан хөшөө, уран баримал, явган хүний зам, замын гэрэлтүүлэг, модны гэрлэн чимэглэл, хогийн сав сандал зэрэг тохижилтын ажлыг цогцоор нь хийснээс гадна өндөр хурдтай Wi-Fi төхөөрөмжийг суурилуулсан нь оюутан залууст зориулсан томоохон хөрөнгө оруулалт боллоо.
Тус гудамжийг 10 сарын 16-ны өдөр албан ёсоор нээсэн бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Өндөр хурдтай Wi-Fi суурилуулсан нь оюутан залууст зориулсан томоохон хөрөнгө оруулалт боллоо.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулж өөрсдийн хөрөнгөөр ийм сайхан тохижилт хийсэн “Оюу толгой” компанийхандаа нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс баярлалаа гэдгийг хэлэх нь зүйтэй.
Энд зөвхөн оюутан, залуус төдийгүй нийслэлийн иргэд зугаалж, Wi-Fi төхөөрөмжийг ашиглах боломжтой боллоо. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хоттой хамтран ажиллаж байгаа та бүхэнд дахин талархал илэрхийлье” гэж онцлон хэлсэн юм. Хувийн хэвшлийнхний тохижуулсан тохилог гудамжуудын нээлт үргэлжлэх болно.