2013.10.19

Оюутны гудамж үнэгүй WiFi-тай

Нийслэл Улаанбаатар хотын гудамж талбайг орчин үеийн тохижилттой болгоход хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх нийслэлийн Засаг даргын гаргасан санаачлагын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай хамтран зохион байгуулж байгаа ажлын хүрээнд  Оюу толгой компаниас Монгол улсын Боловсролын Их сургуулийн уулзвараас Спортын төв ордны баруун хойд уулзвар хүртэлх явган хүний зам, ногоон байгууламж, бусад тохижилтыг иж бүрнээр нь шинэчиллээ.

Оюутны гудамж

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан зургийн даалгаврыг үндэслэн “Идеаль” группийн зураг төслийн дагуу гүйцэтгэсэн энэ ажилд нийт 500 орчим сая төгрөг зарцуулсан. Нийт 310 м урт талбайд  уран баримлын төрлүүд , соёмбын баримал, явган болон замын гэрэлтүүлэг модны гэрлэн чимэглэл, хогийн сав, сандал бусад тохижилтын ажлууд цогцоор хийгдсэн. Оюутан залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, суралцах нөхцөлөөр  хангах  ажлын хүрээнд утасгүй интернэтэд үнэгүй холбогдох боломжийг бүрдүүлсэн юм.

Энэхүү тохижилтын ажлын ашиглалтыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” хариуцах юм. Оюутны гудамжны нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, албаны бусад хүмүүс оролцлоо. Хотын төвд залуусын ярилцан сууж гэрлэн чимгээр гоёл хийн зураг татуулах дуртай газар нэгээр нэмэгдлээ. Цаашид ч олон хувийн хэвшлийн байгууллага хотын тохижилтонд хувь нэмрээ оруулах юм.