Монгол улсын санаачилсан зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулганыг НҮБ дэмжив
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2013.11.25

Монгол улсын санаачилсан зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулганыг НҮБ дэмжив

Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчид манай улсад түр саатан чууллаа.

"Боловсролоор дамжуулан энхтайван, хөгжлийг урагшлуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг" сэдэвт чуулганд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ-ын төлөөлөл оролцсон юм.

Японы төлөөлөгчид хүндэтгэх шалтгаанаар хүрэлцэн ирж чадаагүй ч чуулганд амжилт хүсэн мэндчилгээ илгээсэн байна. Дээрх орнуудын төлөөллөөс гадна болон манай улсад суугаа зарим Элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөл, НҮБ-ын төлөөлөгчид, зарим дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, төрийн бус байгууллагын төлөөлөл ажиглагчаар оролцлоо.

 Р.Бурмаа: Зүүн хойд Азидаа шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүд нь амжилт гаргасан орноор Монгол Улс шалгарсан

УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Нэг удаагийн хурлаар бүх асуудлыг ярьж амжихгүй. Ардчиллын боловсролын чиглэлээр Монгол Улс санаачлаад НҮБ-аас тогтоол гарсан. Ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, иргэний оролцоог дээшлүүлэх, боловсролын хөтөлбөрүүдэд үүнийг тусгах гэдэг чухал тогтоол НҮБ-аас гаргасан. Эмэгтэйчүүдийн асуудлыг ярихдаа Монгол Улс өөрөө ач холбогдол өгч санаачилж, бусад орон дэмжиж баталсан боловсролтой холбож энэ сэдвийг сонгож авсан.

Дэлхийн парламентчдын форум Белги улсад болж байгаа. Ц.Оюунгэрэл сайд тэр форумд улсаа төлөөлж оролцож байгаа юм. Зүүн хойд Азидаа эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд хамгийн их амжилт гаргасан орноор Монгол Улс шалгарсан. Тэр шагналыг Ц.Оюунгэрэл сайд хүлээж авсан.

Боловсролоор дамжуулан эмэгтэйчүүдийг чадавхижуулах, аж амьдралыг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах тухай чуулганаар яригдаж байна. Цаашид эмэгтэй паралментчдын Зүүн хойд Азийн сүлжээ байгуулах, харилцан дэмжиж ажиллах асуудал хөндөж ярилаа.