Уул уурайн сайд Д.Ганхуяг
2013.11.28

Алтны татвар өндөр байх нь далд наймааг газар авахуулах онцлогтой

Уул уурхайн яамнаас зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар дамжуулж тухайн сарын хугацаанд геологи, уул уурхайн салбарт хийж гүйцэтгэсэн ажлаа олон нийтэд мэдээлдэг уламжлалтай.

Уул уурхайн яамны хэмжээнд Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 171 ажлын хэсэг байгууллагдан ажилласнаас 78 ажлын хэсэг зорилгоо хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 93 ажлын хэсэг ажиллаж байна. Үүнээс Сайдын тушаалаар байгуулагдсан 86 ажлын хэсэг үүнээс бусад яамтай хамтарсан 7, Төрийн нарийн бичгийн даргын 7 ажлын хэсэг ажиллаж байна.

УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа эрх зүйн баримт бичгүүд:

“Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал

УИХ-ын намрын чуулган, Байнгын хороодын хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”, “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийн төсөл “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийн төсөл, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн төсөл, “Газрын тосны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг хэлэлцүүлж байна.

“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-ийн төслийг өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Геологи, уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохтой холбогдсон дээрх эрх зүйн баримт бичгүүдийг УИХ-аар батлуулсны дараа тэдгээрийг сурталчлах, эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам болон салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж ба өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх талаар олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэгийг УУЯ-аас 2014 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү хэлэлцүүлгийг угтаж дэд хэлэлцүүлэг буюу сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд ч зохион байгуулагдана. Энд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид та бүхний идэвхтэй оролцоо, дэмжлэг дээрхи хэлэлцүүлгийг амжилтад хүргэхэд чухал үүрэгтэй гэдгийг энд онцлон тэмдэглэж хэлмээр байна.