Энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж эх орондоо ирлээ
Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
2013.12.02

Энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж эх орондоо ирлээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Бүгд найрамдах Өмнөд Судан улсад тогтвортой байдлыг тогтоох тухай” 2011 оны 1996 дугаар шийдвэрийн дагуу Монгол Улсаас 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг Өмнөд Суданд энхийг сахиулах UNMISS /United Nations Mission in South Sudan/ ажиллагаанд оролцсон юм.

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулахаар явсан Монгол Улсын 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийн хоёрдугаар ээлж буюу 2013 оны гуравдугаар сарын 4-нөөс арваннэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үүрэг гүйцэтгэсэн Мотобуудлагын батальоны 211 энхийг сахиулагч эх орондоо ирлээ.

Тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ЕТГ-ын дарга П.Цагаан, Батлан хамгаалах яамны удирдах бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, энхийг сахиулагчдын ар гэрийнхэн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд угтан авав.

Энхийг сахиулагчдыг угтан авах ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж баяр хүргэж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн эрхэм Энхийг сахиулагчид, ард иргэд, ар гэрийн төлөөлөл, генерал, офицерууд, нийт хүмүүсийн энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

Энхийг санхиулагчид эх орондоо ирлээ

Монгол Улсдаа, газар нутагтаа дөнгөж бууж, ээж, аав, ар гэрийнхэнтэйгээ уулзах гэж байгаа, үүргээ сайн гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдадаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Өмнөд Судан улсад энхийг сахиулж,  олон улсын хэмжээнд Монгол Улсын нэрийн өмнөөс онцгой үүрэг гүйцэтгээд ирсэн энэ удаагийн манайэнхийг сахиулагчид үнэхээр сайн ажиллаад ирлээ.

НҮБ-ын Тусгай төлөөлөгч, Хүчний командлалаас байнга өндөр үнэлгээ авч Монгол Улсынхаа болон Монгол Улсын Зэвсэгт хүчний албан хаагчийн нэр төрийг байнга өндөрт өргөж ирсэнд би туйлын их баяртай байна. Манай БХЯ, Зэвсэгт хүчний  удирдлагын зүгээс  та бүхний алба хааж байгаа талаар бидэнд байнга мэдээлэл өгч , бид байнга холбоотой байсан. Та бүхэн үнэхээр Монгол Улсын, Монгол УлсынЗэвсэгт хүчний бахархал болж Өмнөд Судан улсад, Африкийн тэр хүнд нөхцөлд  үүргээ нэр төртэй, маш сайн биелүүлж ирлээ. Үүнд нийт ард түмэн, Зэвсэгт хүчний нийт байгууллагууд, бид бүхэн туйлын их баяртай байгаа гэдгийг хэлье.

Энхийг санхиулагчид эх орондоо ирлээ

Энэ удаагийн, өнөөдрийн ирж байгаа ээлж бол сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг хамгийн их ачааллыг үүрч, хамгийн удаан хүлээлгэж эх орондоо газардаж байгаа хүмүүс юм. Сая зөрж очсон батальоны шинэ хүмүүсийг хүлээж авч, тэр хүмүүст орон байр, эд хогшил, зэвсэг техник, үүрэг гүйцэтгэх бүх чиглэлийг хүлээлгэж өгөөд Өмнөд Судан улсад алба хаасан 850 албан хаагчийн хамгийн ар талыг хааж өнөөдөр эх орондоо газардаж байгаа юм.

Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд та бүхний өмнө Монгол Улсдаа ирээд байгаа энхийг сахиулагч нийт албан хаагчдадаа зориулжөнөөдөр Монгол Улсын төрийн зүгээс хүндэтгэл үзүүлж байна. Та бүхний өмнө ирсэн энхийг сахиулагчид Налайхад, дугаар цэргийн анги дээр сая төрийн өндөр одон медалийг хүртэж, та бүхэнтэй хамт төрийнхөө хайр хишгийг хүлээж авлаа.

Энэ удаагийн энхийг сахиулагчид ямар нэгэн зөрчил, осол гаргалгүйгээр, үнэхээр 850-иулаа үүргээ гайхамшигтай сайн гүйцэтгэсэнд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд, аав хүний хувьд маш их бахархаж байна.

Та бүхнийг бид үдэн гаргаснаас хойш яг есөн сар болоод ирж байна. Энэ дотор миний хүү есөн сар та бүхэнтэй цуг алба хаагаад ирж байгаа. Тиймээс энд зогсч байгаа бүх аав, ээжүүд, ар гэрийнхний нэгэн адилаар хүүгээ, та бүхнийг маш их хүлээлээ. Аав хүний хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд дахин бүх хүүхдүүддээ албаа сайн хаагаад эх орондоо нэр төртэй эргээд ирсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэнд их баярлалаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж энхийг сахиулагч дайчдад Монгол Улсын төрийн одон, медаль гардуулж, дайчид нэг бүртэй гар барин мэндчилснээр угтах ёслолын үйл ажиллагаа өндөрлөв.