“Зөнгийн одод” Хүүхдийн урлагийн XIII наадам амжилттай болж өндөрлөлөө
Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Хүүхдийн Хөгжил Хамгаалал” Хөтөлбөр нь 2001 оноос эхлэн төсөл хөтөлбөртөө хамрагддаг, хүнд нөхцөлд амьдардаг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлагаар дамжуулан хүүхдийг төлөвшүүлэх зорилготой “Зөнгийн одод” урлагийн наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм.
“Зөнгийн одод” Хүүхдийн урлагийн XIII наадамд нийт 30 Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн болон Өмнөговь, Дорноговь аймгийн 4000 гаруй хүүхэд оролцсоноос 1, 2-р шатыг орон нутгийн түвшинд, 3-р шатыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд зохион байгууллаа. 6- 7 насны 300 гаруй хүүхэд найрал дуу, хамтлаг дуу, хамтлаг хөгжим, гоцлол хөгжмийн төрлөөр шалгаран, Монголын Хүүхдийн ордонд “Зөнгийн одод” Гала концертонд оролцлоо.
Энэ жилийн наадмын зорилго нь хөдөө орон нутагт найрал дууны хамтлагийг олноор байгуулах, тус наадамд олон хүүхдийг хамруулан оролцуулах, тэднийг баг, хамт олонч, нөхөрсөг сэтгэлээр хүмүүжүүлэх, урын санг нь баяжуулж байгаагаараа онцлогтой юм.
ДЗМОУБ-ын дэргэдэх “Хөх тэнгэрийн хүүхдүүд” найрал дууны уран сангаас хөдөө орон нутгийн хүүхдүүд дуулж оролцож байгаа нь урлагийн наадмын үйл ажиллагаа хүрээгээ тэлж байгаагийн нэг илрэл юм. Тус наадамд оролцогчдын 50 хувь нь Улаанбаатар хотод анх удаа ирж байгаа бөгөөд нийт оролцогчдын 90 хувь нь “Зөнгийн одод” хүүхдийн наадамд анх удаа оролцон, 95 хувь нь Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд анх удаа ирж амарсан юм. Хүүхдүүдэд үе тэнгийн найз нөхөдтэйгээ танилцаж, нөхөрлөн, бие биенээсээ суралцах боломжийг нээж өглөө.