Дэлхийн дэглэм
АНУ-ын толгойлсон капиталист, ЗХУ тэргүүтэй социалист талуудын тэмцлийн илрэл болсон хүйтэн дайн Америкчуудын ялалтаар төгссөн ч дэлхий ертөнц улам тогтворгүй болж, газар сайгүй зөрчил мөргөлдөөн үргэлжилсээр. Хүчирхэг гүрнүүдийн хараанаас гарсан бусад геополитикийн тоглогчид өөрсдийн бүс нутгийн болон дэлхийн хэмжээний ашиг сонирхлыг дэвшүүлж эхэллээ. Ингэснээр тоо томшгүй зөрчил бий болж, манай гариг ямар ч хяналтгүй мөргөлдөөн, эцэс төгсгөлгүй тэмцлийн талбар болов.
Америкийн улс төр судлаач Френсис Фукуяма ЗХУ улс задарсны дараах үеийг “түүхийн төгсгөл” гэж нэрлэжээ. Түүний үзэж буйгаар чөлөөт зах зээл, хүний эрх, эрх чөлөө, ургальч үзэлд сууриласан цорын ганц зөв дэглэм ялснаар түүх төгсөж байгаа аж. Гэтэл дэлхийн халуун цэгүүд хийгээд геополитикийн ач холбогдолтой газар нутгуудад бий болсон нөхцөл байдлаас харахад түүх төгсөх болоогүй байна. Дэлхийн хамтын нийгэмлэгийн шийдэх хэрэгтэй мөргөлдөөн, олон янзын өдөөн хатгалтууд цөөрөөгүй.
Үндэсний болон эдийн засгийн ашиг сонирхлоос гадна нэг улс орон бүхлээрээ, тэр ч байтугай бүтэн тив тэр чигээрээ хутгалдаж орсон зөрчил тэмцэлдээн ч байна. Хэрэв энэхүү байр сууринаас нухацтай хандахгүй бол геополитикийн процессыг судлах явцад алдаа гарч мэдэх юм. Дэлхий дахинд үүсээд буй гол зөрчлүүдийг дараах байдлаар авч үзэж болох юм.
- Теллурократи ба Талассократи. (Эх газрын ба далайн орнууд.)
- Газрын нөөц баялгийн төлөөх өрсөлдөөн (геоэкономик)
- Соёл иргэншлүүдийн мөргөлдөөн
- Баян Умардынхан ба ядуу Өмнөдийнхөн
Теллурократи ба Талассократи
БНХАУ-ын арми 5 995 000 цэрэгтэй бөгөөд 1000 хүнд 49 цэрэг ногддог.
Теллурократи орнууд эх газарт улс төрийн давуу тал олж, арилжааны бус замаар эдийн засгаа хөгжүүлж, хилийн дагуу цэргийн хүчээ байрлуулдаг. Харин талассократи улс усан орон зайд ноёрхлоо тогтоож, далайн худалдааг хөгжүүлж, эргийн дагуух газар нутгаа хамгаалж, цаашлаад алсад орших шинэ нутгийг колончлох бодлого явуулдаг. Далайн ба эх газрын орнуудын зөрчлийн тухай Германы геополитикч Карл Шмит өөрийн “Усны үхэр мангасын эсрэг” хэмээх бүтээлдээ тусгасан байдаг.
Дорно дахин нь газар зүйн утгаараа бус үзэл санааны хувьд теллурократийн тод илэрхийлэл болдог. Дорно дахинд 20 дугаар зууныг дуустал социалист дэглэмтэй Зөвлөлт, Хятадын нөлөөнд байсан болон социалист дэглэмтэй орнуудад эзлэгдсэн орнууд багтдаг. 21 дүгээр зууны эхэнд Дорно дахинд Орос, Хятад, Иран, Турк, Энэтхэг тэргүүтэй геополитикийн гол тоглогчид гарч ирсэн юм.
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний 6 дугаар флот
Талоссократи улсуудад “дунд далайгаар” (Спикмены Атлантын далайд өгсөн нэр томъёо) хуваагдсан АНУ, Европын орнууд болон барууны хөгжингүй гүрнүүдийн арилжааны ардчиллаа хөгжүүлж, цэргийн баазуудаа байрлуулсан орнууд багтдаг.
ЗХУ задарсны дараа Дорнод, Өрнөд хоёр З.Бжезинскийн номондоо дурьдсан “аугаа их шатрын хөрөг” ( The Grand Chessboard) буюу Евроазийн уудам орон зайд тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Мэдээж хоёр тал Евроазид нөлөөгөө нэмэх тухайгаа өөр өөрөөр тайлбарладаг.
Эх газрын улсуудын стратеги хуурай замын хилээ багасгаж, усан хилээ өргөтгөхөд чиглэдэг. Харин далайн орнууд эх газрын орнуудын хилийг далайн эргээс аль болох хол байлгахыг хичээдэг. Аль ч тохиолдолд тулааны талбар нь Еврази.
Газрын нөөц баялгийн төлөөх өрсөлдөөн
АНУ-ын Нью-Йорк хотыг эрчим хүчний мангас гэж нэрлэдэг
Аль ч улс байгалийн баялагтай газар нутгийг эзлэх, эзэмших, зах зээлийн орон зайд суурьшихийн төлөө зүтгэдэг. Хүчирхэг эдийн засагтай байж, хүч хэрэглэх болон улс төрийн шахалтын аргаар өрсөлдөгчдийнхөө нөлөөг бууруулж чадсан улс газрын баялгийг ашиглах боломжтой байдаг.
Эдүгээ дэлхийн улс гүрнүүд жил ирэх тутам багассаар байгаа эрчим хүчний үндсэн нөөцийн төлөө тэмцэлдэж байна. Эцсийн дүндээ энэ тэмцэл нь хэтэрхий ховдог, үрэлгэн, хөгжингүй орнууд нь нөөцөөр баялаг орнуудыг тулаанд өдөөн хатгаж, нөөцийг дахин хувиарлахад хүргэж болзошгүй.
Улс орнууд түлшний гүн хямралд орж, эрчим хүчний үнэ улам өсч, газрын тос, байгалийн хийгээр баялаг орнуудад зөрчил мөргөлдөөн тасрахгүй байна.
Соёл иргэншлүүдийн мөргөлдөөн
Нэрт геополитикч Семьюэль Хантигтон дэлхийн дэглэмийн хоёр туйлт систем задарсны дараа үүссэн нөхцлийг нэг нэгнээ эрхшээлдээ оруулах гэсэн олон тооны соёл иргэншлийн тэмцэл гэж нэрлэжээ. Хэл, шашин, соёл, уламжлалын хувьд төстэй үндэстэн, угсаатнууд нийлж нэгэн соёл иргэншлийг бий болгодог. Хантигтон өнөөдөр дэлхий дээр Европын (католик), арабын (лалын шашны), славян ард түмнүүдийн (үнэн алдартан), хятадын (конфуцизм), японы (синтоизм), энэтхэгийн (хиндус) гэсэн зургаан голлох соёл иргэншил байна гэж үзжээ. Түүнээс гадна латинамерикийн, африкийн гэсэн соёл иргэншлүүдийг хөгжлийн потенциальтай хэмээжээ.
Балканы хойгийн Косовагийн хямрал нь соёл иргэншлийн мөргөлдөөний нэг илрэл юм
Дэлхий ертөнц соёл иргэншлийн ялгаанаас үүдэлтэй тэмцлийн хөлд үрэгдэх тавилантай гэж Хантигтоны хэлсэн дагуу хоёр туйлт системын дараа бий болсон бүх зөрчил олон төрлийн соёл иргэншлийн хил зааг дээр өрнөж байна.
Хантигтоны онол ёсоор бүс нутгийн соёл иргэншлүүд тэмцэлтэй байгаа үед даяарчлалын тухай ярих нь утгагүй аж. Тэрээр Европын католикийн соёл иргэншил нийгэм, эдийн засгийн давуу талтай бүсийн шинжтэй соёл иргэншил болохоос дэлхий нийтийнх биш гэж үзжээ.
Лалын төвт үзэлтэй улс орнуудад өрнөж буй ээдрээтэй үйл явц, Латин Америк дахь АНУ-ын эсрэг уур амьсгал, Хятадын хүн амын эрс өсөлт зэрэг нь зарим соёл иргэншил өөрийн соёлын болон шашны нөлөөгөө тэлж, нэг нэгнээ давж гарахыг хичээж буйн илрэл юм. Харин зарим соёл иргэншлийн нөлөөллийн хүрээ улам хумигдсаар байна. Тухайлбал, славянчуудын үнэн алдартны хийгээд японы синтоист соёл иргэншил АНУ-ын соёлын нөлөөнд бүрэн автсан.
Умард, Өмнөдийн зөрчилдөөн
Умард, Өмнөдийн зөрчилдөөн мөн л газар зүйн ойлголтоос гадна үзэл санааны агуулгатай юм. Өрнөдөд бол барууны хэв маягийн, баян, хүн амын дундаж наслалт хийгээд амьдралын түвшин өндөр, гэхдээ төрөлтийн тоо бага орнууд багтдаг. Харин Өмнөдөд ядуу, олон хүн амтай, амьдралын түвшин маш доогуур орнууд хамаардаг. Өмнөдийн хүмүүс умардын баян орнууд руу шилжин суурьшихыг хүсдэг. Үүнийг Алжираас Франц руу, латинамерикын орнуудаас АНУ руу, Энэтхэгээс Их Британи руу, Хятадаас ОХУ, Канад руу, Туркээс Болгари болон дорнод Европын орнууд руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн гэрчилж байна.
Африкийн цагаачид
Олон оронд цагаачлал хүнд асуудал болсон бөгөөд тэдгээрийн соёл, угсаатны зүйн бие даасан байдалд аюулын харанга дэлдэж эхэллээ. Цагаачлалын эсрэг хууль, цагаачлалын албадын авч буй арга хэмжээ хүссэн үр дүнг авчрахад хэцүү. Учир нь өмнөдөөс умард руу чиглэсэн нүүдэл нэг орны бус дэлхий нийтэд соёл иргэншил хоорондын зөрчлийг үүсгэж буй том асуудал болоод байна.
Геополитикийн хувьд авч үзвэл чухам юуг сонгох вэ гэсэн том асуулт олон оронд бий болжээ. Газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг уу (учир нь тухайн оронд нүүж очсон цагаачид эхлээд автономи эрх, дараа нь тусгаар тогтнолыг шаарддаг), эсвэл соёл, угсаатны хувьд нэгдмэл үлдэх үү гэсэн зовлонтой сонголт хийх болоод байна.