2008.11.08

Д.Ганхуяг: Алтны 68 хувийн татвар байхгүй болно

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өчигдөр хуваарьт цагаасаа ялимгүй хоцорч эхэлсэн ч хэд хэдэн асуудал хэлэлцэж амжуулав. УИХ дахь бүлэг, зөвлөлийн гишүүдийн өргөн барьсан Ноолуурын үнийн талаар авах арга хэмжээ, Мах, ноолуурын үнийг тогтвортой байлгах тухай тогтоолын төслийг тус тус хэлэлцсэн. Байнгын хорооны гишүүд дээрх төслийг хэлэлцэхээр шийдвэрлэв. Түүнчлэн Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж үдээс хойш хуралдахаар товлогдсон чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах болсон юм. Алтны 68 хувийг байхгүй болгох тухай Засгийн газрын саналыг мөн энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжив. Энэ талаар тус байнгын хорооны дарга Д.Ганхуягаас тодрууллаа.

-Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр алтны 68 хувийн татварыг хэрхэн шийдвэртэй эх санал гарсан бэ?

-Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас оруулж ирсэн саналыг хэлэлцэж дэмжлээ. Алтны 68 хувийг нөөцийн татвараар өөрчилж байгаа юм. Борлуулалтын орлогын албан татвар 3 хувьтай, нөөцийн татвар өмнө нь 7 хувь байсан бол одоо 12 хувьд хүрч байгаа юм. 600-аас дээш 100 ам.доллар нэмэгдэх тутамд нэг нэг пункт нэмэгдэж байгаа хэрэг.

-Тэгэхээр зөвхөн зэсэн дээр л 68 хувийн татвартай болж байна гэсэн үг үү?

-Тийм ээ, ингэж ойлгож болно. Нэгдсэн чуулганы хуралдаанаар уг санал дэмжигдвэл шүү дээ. Ерөнхийд нь алтны 68 хувийн татвар маань нөөцийн хувь хэмжээгээр 36 хувьтай болж буурч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл алтны 68 хувийн татвар байхгүй болох юм.

-Ийм шийдвэрт хүрсэн нь зарим компанийн гомдол саналтай холбоотой гэж үзэж болох уу?

-Тэгэхээр алтны нөөцийн 68 хувийн татвар орсноос хойш 2006 байна уу, 2007 онд жилд нийт 15 мянган тонн алт олборлож байсан. Түүний татвар төлөгдөж байсан юм. Гэтэл үүний 30 орчим хувь нь тушаагдаагүй. Өөрөөр хэлбэл, татвараас нуугдсан, алга болсон, эсвэл банканд барьцаалсан ч юм уу. Ямар нэг байдлаар төлөгдөөгүй. Үүнийг алтны 68 хувийн татвараас болж байна гэж үзээд Засгийн газраас дээрх хуулийн төслийг өргөн барьсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.