С.Бямбацогт шаггүй дуучин
Нутгийн залуусаа хооронд нь танилцуулах, харилцаа холбоог хөгжүүлэх, орон нутгийнхаа хөгжилд залуусынхаа оролцоог нэмэгдүүлэх зорилготой Ховд аймгийн залуусын «Мөнгөн үдэш» цэнгүүн энэ сарын 22-ны өдөр UB palace-т болжээ. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт шаггүй дуучин гэдгээ харуулаад авсан аж. Түүний төгсөлтийнхөн буюу 1992 онд Ховдод 10 дугаар ангиа төгссөн ангийнхан нь уг цэнгүүнийг зохион байгуулсан байна. Ингээд Ховдоор овоглосон 400-гаад оюутан, залуус энэ үдэш нэгдэж, Ардын жүжигчин Б.Зангад, Voice group, Анхаа, Халиун, Fire, Night train зэрэг хамтлаг, дуучидтай хамт шинэ жилээ тэмдэглэжээ.
Гэтэл эрхэм гишүүний төгсөлтийнхөн ч нэлээд цоглог баг бүрдсэн бололтой, бэлдсэн хөгжилтэй, сонирхолтой мэндчилгээгээр нутгийнхаа залуусыг хөгжөөж, залуус ч тус бүртээ 70, 80-аад онд хит болж байсан дуунуудаас бадаг бадгаар нь дуулсан байна. Харин С.Бямбацогт гишүүн энэ үеэр «Алтан зул» дуугаар ая барьж, дуулах авьяасаа харуулсан аж. Нутгийн зөвлөлийн даргын цоглог ангийнхны зохион байгуулсан «Мөнгөн үдэш» Ховдын залууст тун их таалагдсан болохоор дараа жилийнхээ шинэ жилийн баярыг улам гоё зохион байгуулахаар төлөвлөсөн байна лээ. Энэ нь ч нутгийнхаа хөгжилд залуусаа татан оролцуулах дажгүй тактик бололтой шүү.