Ардчилсан нам парламентын үе үеийн гишүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Монгол улсад анх удаа 1990 оны долдугаар сард олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж Ардын Их Хурал байгуулагдсанаас хойшх 20 жилийн хугацаанд Ардчилсан намаас давхардсан тоогоор 180 орчим гишүүн АИХ, УБХ, УИХ-д сонгогдон ажилласан тоо байдаг.
Өнөөдөр Ардчилсан нам Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан АН-аас парламентад сонгогдож байсан үе үеийн гишүүдийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга Н.Алтанхуяг, ЕНБДарга Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг болон өнөөгийн УИХ-ын гишүүд, АН-аас УИХ-д сонгогдож байсан үе үеийн гишүүд оролцлоо.
Уулзалтаар намын дарга Н.Алтанхуяг болон тухайн үед Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан Шадар сайд Да.Ганболд нар парламентын гишүүддээ баяр хүргэж үг хэлэв. Уулзалтын үеэр гишүүд тухайн үеийн нийгмийн байдал болон хэрхэн парламентад сонгогдож, ажиллаж байсан түүх дурсамжаа дэлгэн ярьж, халуун яриа өрнүүлсэн юм.
Энэ удаагийн уулзалтаар дурсамж яриа өрнүүлэхээс гадна Ардчилсан намын парламентын гишүүдийн дундаас шүлэг яруу найргын авъяастай олон парламентчид байгааг бахдан ярилаа. Тухайлбал УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн зохиосон “Толин хул”, УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн зохиосон “Гүн цэнхэр далай ээжий”, УИХ-ын гишүүн асан Д.Энхтайваны зохиосон “Би монгол эр хүн” зэрэг дуунууд ард түмний хүртээл болсон юм. Ингээд уулзалтын төгсөлд УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Гүн цэнхэр далай ээжий” дуугаа дуулж олныг баясгалаа.