Хамтын тэтгэврийг баталбал жилд 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ
Хамтын тэтгэвэр
2014.02.04

Хамтын тэтгэврийг баталбал жилд 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ

Гэр бүл салалтыг бууруулах зорилготой гэгдэж байгаа хуулийн төсөл бол Хамтын тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл.

Уг хуулийн төслийг Энэ хуулийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Д.Ганхуяг нарын долоон гишүүн санаачлан боловсруулж УИХ- д өргөн барьсан юм. Хууль санаачлагчдын хэлж байгаагаар тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг чухал ач холбогдолтой гэнэ.

Учир нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд түүний тэтгэврийн тодорхой хувь нь амьд үлдсэнд нь “өвлөгдөх” учиртай.

Бас зүгээр өгөхгүй гэж байгаа. Тодорхой хэмжээний шалгууртай. Тухайлбал, хүнтэй суугаагүй боловч тэтгэвэр Тогтоолгосон иргэн, насны хэт зөрүүтэй боловч хуульд заасан зарим шаардлагыг хангаж байгаа иргэн, улсад ажил, хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэд энэ хуульд хамрагдахгүй гэнэ. Тиймээс заавал хань ижилтэй байх ёстой. Бүр түүндээ хайртай байх хэрэгтэй. Гол нь Хамтын тэтгэврийн тухай хуулийг Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуультай адилтган ойлгож болохгүй юм байна.

Гэхдээ энэ хуулийн төсөл батлагдсанаар тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж сөрөг хүчнийхэн үзэж буй. Өнөөдрийн байдлаар 412 мянган иргэн тэтгэвэр авдгаас 220 мянган хүн бүрэн тэтгэвэрт хамрагддаг. Үүнээс 76 мянган иргэн хамтын тэтгэвэрт хамрагдах урьдчилсан тооцоо байгаа аж. Тэгэхээр 76 мянган иргэн хамрагдана гэж үзвэл 200 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа юм.

Гэтэл ахмад настнуудын тэтгэвэр тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлээгүй байж 200 тэрбум төгрөг шаардагдах төсөл оруулж ирсэнд бухимдаж буй. Гэхдээ одонтой эхчүүдэд 500 мянга, нэг сая төгрөг өгөх хуулийн төслийг хэлэлцээгүйд ах намынхан бухимдаад байгаа юм. Товчхондоо, барьцаалаад байгаа ч гэж хэлж болно. Юутай ч хууль батлагдвал хажуудах ханьтайгаа насан туршдаа амьдарсан нь халамж “өвлөх” учиртай.

Г.Баярсайхан: Монгол хүний үнэ цэнийг нэмнэ

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

-Тэтгэврийн даатгалын санд хуримтлагдаж байгаа мөнгө ард иргэдийн, тухайн хувь хүний өмч. Тухайн хувь хүн өмчөө гэр бүлийнхээ хүнтэйгээ хамт эзэмшээд явах эрхтэй. Хэрэв Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг батлах юм бол шударга ёс яллаа гэж харж болно. Учир нь Ардчилсан нам ард түмнийхээ өмнө хүмүүнлэг, ардчилсан байж чадаж байгааг түмэн олон өөр өөрийнхөөрөө харж чадна гэдэгт итгэлтэй байна.Түүнчлэн монгол гэр бүлийн үнэт зүйлийг бид энэхүү хуулиараа илүү бат бөх болгож байгаа нь өөрөө агуулгын хувьд нэн чухал ач холбогдолтой хууль юм.

Чингэлтэй дүүрэг VII хорооны иргэн н.Оюун

Хамтын тэтгэврийн тухай хуулийг дэмжиж байгаа. Юмны үнэ өсөж байгаа үед нүдээ олсон хуулийн төсөл санаачилсан байна гэж бодож байна. Уг нь дэмжээд батлаад өгвөл сайн л байна. Насаараа тэтгэврийн шимтгэл төлж ажиллаад маш бага тэтгэвэр авдаг хүмүүс байдаг. Хоёулаа нийлээд л дундаж цалинтай хүний дайны мөнгө авч чадахгүй байгаа шүү дээ. Мэдээж төр засагт хүндрэлтэй тал гарах л байх. Гэхдээ ашигт малтмалаас олсон мөнгө зэргээсээ хүртээгээд олгож болно байх гэж бодож байна.

-УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

-Энэхүү төсөл нь Монголын эдийн засагтай зайлшгүй холбогдож байгаа. Үүнд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Төсөл санаачлагчийн зүгээс “Монголын нийгмийн гэр бүлийн үнэт зүйлийг бий болгох юм” гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа нь утгагүй сонсогдож байна.

Суурь хуулиудаа оруулж ирээгүй, гэр бүлийн тухай хуулиар хариуцлагын тогтолцоог бий болгож өгөөгүй, хүүхдийн өмчлөлийн асуудлыг хуульчилж чадаагүй байж, гэр бүлийн үнэт зүйлийг хадгалах суурь хууль гэж ярих нь утгагүй. Дээр нь Нийгмийн даатгалын сан нь Засгийн газраас авах ёстой таван их наяд төгрөгийн өрөө авч чадаагүй, Тэтгэвэр, тэтгэмжийн сан хүндэрчихсэн байгаа.

Ийм байхад Засгийн газрын гишүүн нь тооцоо судалгаагүйгээр хуулийн төсөл оруулж ирж болохгүй. Сайд нь өөртөө таалагдсан   хуулийг хэлэлцээд байж болдог юм уу. Бусдын өргөн барьсан хуулийг унагааж байна.

-УИХ-ын   гишүүн С.Бямбацогт

-УИХ-ын гишүүн С.Бямбацогт

-Олонх цөөнхөө хүндэтгэдэг баймаар байна. Засгийн газраас огт санал аваагүй, тооцоо судалгаагүй, өөрийн намын гишүүний, өөрийн фракцийн гишүүний санаачилсан хуулийн төслийг дараалал харгалзахгүйгээр УИХ-аар хэлэлцдэг боллоо. Асуудалд ингэж үзэмжээр хандаж болохгүй. Манай намын бүлгийн гишүүд олон хүүхэдтэй эхчүүдийг урамшуулах, цалин олгох, алслагдсан аймгуудын иргэдэд бүсийн нэмэгдэл олгох Тухай, НӨАТ- ын босгыг 200 сая төгрөг болгох тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн бариад удаж байгаа ч хэлэлцүүлэхгүй байна.

Цөөнхийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцдэггүй мөртлөө сайдын санаачилсан хуулийг хэлэлцэх нь зөв юм уу. Эхчүүдэд цалин олгох тухай хуулийн төслийг хэлэлцүүлье гэж УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр саналаа хэлэхэд УИХ- ын дарга "Энэ чинь мөнгөтэй холбоотой хуулийн төсөл" гээдхойш тавьсан.

С.Эрдэнэ сайд аа, та МАН-ын бүлгээс санаачилсан Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах тухай хуулийн төслийг дарахын тулд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Та хэвлэлийн бага хурал дээрээ манай бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төслийг батлагдахгүй гэж хэлсэн. Ийм байдлаар асуудалд үзэмжээр хандахаа болих хэрэгтэй.

Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн н.Энхтайван

-Энэ хуулийн төслийн талаар сонсож байхад хоёр талтай л юм шиг санагдсан. Насаараа хамт амьдарсан хоёр буурайгийн нэг нь нэгнийхээ тэтгэврийг үргэлжлүүлээд авах нь амьдралд нь дэм болно. Нөгөө талдаа бол жаахан эвгүй юм. Ялангуяа арай буурай болоогүй хүмүүст сөрөг тал харагдана. Хорвоогийн л жам хойно дахиад гэр бүл зохиох ч юм билүү. Амьд үлдсэн ахмадууддаа тэтгэврээ нэмээд өгч чадахгүй байж нэгнийх нь тэтгэврийг давхар олгох нь болохгүй юм шиг санагдах юм.