Х.Баттулга:Монгол улсын хөгжлийн гараа Сайншандын аж үйлдвэр
Импортлох бодлого энэ хэвээр үргэлжлэх нь улс оронд ашиггүй гэдгийг хэлэх хүмүүс бий. Үйлдвэрлэгч улс орон хурдан хөгждөг учир томоохон бүтээн байгуулалтын ажлаа хугацаа алдалгүй эхлүүлэх нь чухал байгааг салбарын сайд нь хэлж байна.
Өнгөрсөн хугацаанд Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах тооцоо судалгааны багагүй ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон хөрс, ус техник технологи гээд шаардлагатай тооцоог гадны томоохон консерциумуудаар хийлгэжээ. Өөрөөр хэлбэл Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэдгийг албаныхан хэлж байна. Харин шийдвэр гаргах түвшинд паркын ойлголт муу байгааг ҮХАА-ын сайд Х.Баттулга онцоллоо.
Ашигт малтмалаа боловсруулахгүйгээр импортлох нь улс орны эдийн засаг өргөжин тэлэх боломжийг хязгаарлаж байна. Аж үйлдвэрийн парк байгуулж ашигт малтмалын бүтээгдэхүүнээ боловсруулах нь үнэ өртгийг нь өсгөхөөс гадна ажлын байрыг нэмэгдүүлж, тухайн бүс нутагт үйлдвэр дагасан шинэ хот бий болох гээд олон чухал ач холбогдолтойг хэллээ.
Бидний хувьд маш олон судалгаа хийж, туршлага хуримтлууллаа. Ямар ч байсан Монгол улсын хөгжлийн гараа бол аж үйлдвэрийн парк
ҮХАА-ын сайд Х.Баттулга “Монголчуудын хувьд эргээд харахад ийм том бүтээн байгуулалт хийж үзээгүй учраас бүтэхгүй гэсэн бодолтой хүмүүс олон байсан. Гэхдээ энэ бодлыг эвдэнэ. Мөн Эрдэнэтийг Оросууд бүтээж байсан. Бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл ихтэй. Боловсон хүчин тулгамдаж байна. Бидний хувьд маш олон судалгаа хийж, туршлага хуримтлууллаа. Ямар ч байсан Монгол улсын хөгжлийн гараа бол аж үйлдвэрийн парк” хэмээн хэллээ.
Сайншандын аж үйлдвэрийн паркд цемент болон ган, зэс хайлуулах үйлдвэр, мөн цахилгаан станц баригдахаар төлөвлөгдөж байна. Үүнийг дагаж нүүрс боловсруулах, шингэрүүлэх гээд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэнэ. Хэдийгээр Их хурлаас аж үйлдвэр барих шийдвэр гаргасан ч өнөө хүртэл ажил эхлэхгүй байгаа нь цаанаа улс төрийн шалтгаантай гэдгийг зарим эх сурвалжууд хэллээ.