Х.Баттулга: Улаанбаатарчууд энэ намар голланд хүлэмжийн шинэ ногоо идэх үгүйг арилжааны банкууд шийднэ
Шинэчлэлийн Засгийн газрын «Бүтээн байгуулалтын цаг»-аар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад хийгдэж байгаа «Шинэ сум» төслийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийв. Түүний Ерөнхий сайд Н.Алтанхуягийн асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт байгаагүй тул яамныхаа чиглэлээр сүүлийн үед хийгдэж байгаа томоохон ажлуудаас танилцуулна. Ер нь бүтээн байгуулалтын ажлууд ямархуу байдалтай, хэрхэн өрнөж байгааг манай иргэд ихээхэн сонирхож байгаа?
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны гол анхаарч байгаа асуудал нь мэдээж Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах томоохон төсөл байгаа юм.
Энэ том төслийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас ямар шийдвэр гаргасан бэ гэвэл 66 хувьд нь хувийн хэвшлийнхэнд эрхийг нь өгч татан оролцуулах, 34 хувь дээр төр өөрийн дэд бүтэц болон түүхий эдээр хангаж ажиллах шийдвэр гарсны дагуу ажлууд графикаар явагдаж байгаа.
Үүн дотор нийтдээ 14.7 тэрбум төгрөгийн тендер зарлагдаад явж байна. Одоо долоодугаар сарын 8-нд ерөнхий төслийн удирдагчийг шалгаруулах тендерийг задална. Ингэснээр Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын районыг бүхэлд нь менежмент хийгээд цааш аваад явах төслийн баг шалгарч гарна гэсэн үг юм.
-Усны асуудал юу болж байна. Мэргэжилтнүүдийн санааг зовоож байгаа гол асуудал бол ус шүү дээ?
-Гүний усны хайгуулын тендер зарлагдаад дууссан. Энэ ажилд «Тунгалаг ус» гэж усны хайгуул хийдэг компаниудын нэгдэл шалгарсан. Энэ компаниудын нэгдэл гурван тэрбум төгрөгөөр гүний усны хайгуул хийхээр ажил нь эхлээд явж байна. Инженер, геологийн ажилд сонирхлоо илэрхийлсэн компаниуд энэ ажилд оролцож эхлээд байгаа. Нийтдээ 4.2 тэрбум төгрөгийн ажил хийгдэх юм.
Сарын дараагаас энэ ажилд нэлээд мэдээлэл гарч ирэх ёстой. Ямархуу үйлдвэрүүд төлөвлөгдөж байна гэвэл коксийн үйлдвэр сонирхож байгаа хоёр компани байна. Энэ хоёр компанийн хувьд нэг нь Япончуудтай, нөгөөх нь Хятадуудтай хамтарсан компани байгаа юм. Харин Германчууд бол урьдчилсан ТЭЗҮ-ээ хийчихсэн байгаа.
-Зэс боловсруулах үйлдвэрийн талаар нэлээн яригдаад байсан. Тэр ажил юу болж байгаа вэ?
-Хамгийн идэвхтэй явагдаж байгаа төсөл гэвэл зэс боловсруулах үйлдвэрийн ажил байгаа юм. Энэ төсөлд томоохон 2-3 компани саналаа ирүүлээд байна. Энэ ажлын ирээдүйг нэлээн өөдрөгөөр харж байгаа гэж дүгнэж болно.
Монгол Улсын хэмжээгээр жилд боловсруулдаг 10 сая гаруй арьс, ширийг Дарханд боловсруулах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтэд хүрээд байна.
Аж үйлдвэрийн тухайд «Чингис бонд»-оос нийтдээ 172.4 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төслүүдийг «Хөгжлийн банк»-нд өгсөн байгаа. Бид одоо харин «Хөгжлийн банк»-наас гаргахдаа аж ахуйн нэгжүүддээ аль болох бага дарамттай буюу бага хүүтэй байхаар зохицуулахаар ажиллаж байна.
Товчхондоо долоон хувиас бага хүүтэй байх нөхцөл бүрдүүлсэн санхүүжилтийг гаргах тал дээр арилжааны банкууд болон Монголбанктай хамтарч ажиллаж байна. Засгийн газраас үүрэг өгсний дагуу энэ долоо хоногт шийдвэр нь гарч, санхүүжилт нь хийгдээд явна гэж тооцоолж байгаа.
-Ямар, ямар үйлдвэрийн төсөл дээр хэчнээн хэмжээний санхүүжилт хийгдэхээр төлөвлөгдөөд байгааг танилцуулж болох уу?
-Бололгүй яах вэ. Ноосон даавууны чиглэлийн үйлдвэрт 45 сая ам.доллар, ноолууран бүтээгдэхүүн дээр 68.8 сая ам.доллар, оёмол бүтээгдэхүүнийг онцгойлон дэмжинэ гээд 13.5 сая ам.доллар төлөвлөсөн байгаа.
Үүнээс гадна боловсруулах үйлдвэрүүдэд шингэн сүү нийлүүлэх төсөлд 27.7 сая ам.доллар, Улаанбаатар хот орчмын иргэдийг шинэ ногоогоор хангах зорилготой хүлэмжийн төсөлд 17.4 сая ам.долларын төслүүд бэлэн болоод санхүүжилт хийгдэх өдрөө хүлээж байна. Бид арилжааны болох бага хүүтэй мөнгийг нь гаргаж өгвөл эдгээр төслүүд цаашаа амжилттай хэрэгжээд явна гэж ойлгож байгаа.
-Хөдөө аж ахуйн биржийн асуудал ямар шатандаа явж байна. Ахиц дэвшил гарч байна уу?
4.7 тонн орчим ноолуур хөдөө аж ахуйн биржээр баталгаажиж арилжаалагдсан.
-Та бүхэн мэдэж байгаа. Хөдөө аж ахуйн бирж үйл ажиллагаа явуулаад үндсэндээ гурван сар гаруй болж байна. Монгол Улсын хэмжээнд малчдаас 6000 гаруй тонн ноолуур худалдаж авдаг. Үүний 4.7 тонн орчим нь хөдөө аж ахуйн биржээр баталгаажиж арилжаалагдсан байгаа юм.
Хөдөө аж ахуйн биржтэй болсноор ноолуурын үнэ өгсөж, урууддаг хэлбэлзлийг багасгаж чадсан нь хамгийн гол ололт мөн. Нөгөө талаар далд эдийн засаг хумигдах, яваандаа хөдөө аж ахуйн сал- бараас арчигдах сайн талтай.
Харин арилжааны банкуудтайгаа тохиролцож чадаагүйгээс үйлдвэрүүдийн ноолуур худалдаж авах санхүүжилт хойшлогдож, биржээр худалдаалагдсан ноолуур үйлдвэрүүдэд очихгүй байгаа нь сэтгэл зовоосон асуудал болоод байна.
-Арьс ширний үйлдвэрүүд юу болж байна. Хотоос гаргах, холдуулах гээд бэрхшээлтэй асуудал олон дуулддаг. Ер нь энэ асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам юу хийж байна?
-Арьс ширний үйлдвэрийн байршлын тал дээр нэлээд судалгаа хийсэн. Засгийн газарт Эмээлтэд хийсэн төслийг танилцуулсан боловч Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, газар олголтын бүсэд ойрхон, дээр нь дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь ихээхэн өртөг өндөртэй тусах юм байна гээд байршлыг нь солихоор болсон.
Дарханд арьс шир боловсруулах үйлдвэр баригдвал ХАА-н бэлэн материал эцсийн бүтээгдэхүүн болж, улсын сан хөмрөгт ихээхэн нөлөө үзүүлнэ.
Ингээд Эрдэнэт, Дархан, Багануур, Чойр, Налайх гэсэн газруудад гадны мэргэжилтнүүдийг урин авч ирж судалгаа хийсний үр дүнд Дархан, Эрдэнэт гэсэн хоёр байршлыг өнгөрсөн долоо хоногт тодорхойлсон юм. Гэтэл Эрдэнэтийн хувьд усны асуудал хүндрэлтэй байгаа тул Монгол Улсын хэмжээгээр жилд боловсруулдаг 10 сая гаруй арьс, ширийг Дарханд боловсруулах нь зүйтэй гэсэн эцсийн санал, дүгнэлтэд хүрээд байна.
Энэ дүгнэлт, судалгаагаа долоо хоногийн сүүлчээр Засгийн газарт танилцуулна. Хэрвээ Дарханд арьс шир боловсруулах үйлдвэр баригдвал манай хөдөө аж ахуйн бэлэн материал эцсийн бүтээгдэхүүн болж, улсын сан хөмрөгт ихээхэн нөлөө үзүүлэх юм.
-Улаанбаатарын иргэдийг хүнсний шинэ ногоогоор хангах хүлэмжийн төсөл чинь юу болж байна. Энэ өвөл Улаанбаатарын иргэд шинэ ногоо идэж чадах юм уу?
-Ерөнхийдөө түрүүний хэлдэг 7.27 гэсэн хувиар санхүүжилт хийгдэх юм бол Голланд хүлэмжийн төсөл бэлэн болчихоод байгаа. Манай арилжааны болон Монголбанк ядаж энэ төсөлд уян хатан хандвал энэ намар гэхэд хүлэмжүүд суурилагдаж, Улаанбаатарын иргэд зооринд удаагүй, шинэ ургацын нарийн ногоо идэх бүрэн боломжтой болно.