Хөгжлийн төмөр зам барих ажил ид өрнөж байна
2011.05.17

Хөгжлийн төмөр зам барих ажил ид өрнөж байна

Наран ургах зүг буюу Дорнод аймгийн нутаг дэвсгэр Зараатын хөндийгөөс Дорноговь аймгийн Сайншанд сумын Хар тойром хүртэл 1100 км газар баригдах "Хөгжлийн төмөр зам" гэх шинэ зам барих ажил ид өрнөж байна. Биднийг тус газарт очих үед хөрс хуулалтын ажил хийгдэж байсан. Дөрвөн аймгийн 11 сумаар дайрах шинэ төмөр замын Чойбалсан-Баруун-Урт чиглэлийг "Транс Кон" компани барихаар Өөрийн туслан гүйцэтгэгч компани болох "Хэт" компанитай хамтран ажиллаж байв.Тус компаниудын ажил хэрхэн явагдаж байгаа талаар сурвалжилсан юм. Арав гаруй км газрын хөрсийг хуулсан байв. Өнгөрсөн борооноор газар норж, хөрс багагүй сийрэгжсэн учир хуулахад амар байгааг тус компанийн ажилчид хэлж байна лээ. Харин уул, даваа гүвээн дээр очоод л ажил нь удаашрах юм байх. Гэхдээ иймэрхүү хурдаар ажиллаад байвал барих ёстой замаа хоёр жилийн дотор л гялалзтал нь бариад дуусгачих боломжтой гэдгийг ч онцлон хэлж байв. Хөрс хуулалтын баг 16 техник, 35 хүний бүрэлдэхүүнтэй юм билээ. Дорнодын төвөөс 40 гаруй км-ийн зайд өөрсдийн баазаа байгуулжээ. Ажилчдад чөлөө зав гэж үгүй. Борооны улмаас ажил нь хэд хоног зогссон учир яаравчлан ажиллаж байгаа нь энэ. Хуулсан хөрсөөрөө далан барих учир нэг газар бөөгнүүлэн асгаж байгаа юм билээ. Ажлаа яг сайхан хийх гэхээр хаврын тэнгэр хуйсганаад цаг хугацаа алдаж байгаа гэдгийг "Транс Кон" компанийн талбайн инженер Д.Долгорсүрэн онцлон хэлж байна лээ. Энэ сарын 6-наас эхэлсэн хөрс хуулалтын ажил хэд хоног зогссон юм байх.Тус газарт 1990 оноос өмнө орос цэргийн анги болон  Цэргийн сургууль байсан аж. Нуусан тэсэрч дэлбэрч болзошгүй зэвсгүүд яг төмөр зам барих газраас олдоод байгаа юм байна. Ингээд Зэвсэгт хүчний 0327 дугаар ангитай гэрээ байгуулж, устгах ажлыг хийлгэжээ. Газарт булсан зэвсгүүд нь бага зэрэг зэвэрсэн байсныг эс тооцвол шинээрээ байсан гэнэ. Калибр маркийн буунаас авахуулаад л зарим газраас нь цэнэгтэй мина ч олдсон аж.

Хэрлэн голын дээгүүр 300 орчим метр гүүр  барина

Монгол Улсын ирээдүйд хөгжил авчрах ерөөлтэй зам барих ажилд саад мундахгүй байгааг ажилчид ярьж байсныг дээр дурдсан. Шатахууны хомсдол ч ажилд нэлээд саад болж байгаа аж. Дорнод аймгийн шатахуун түгээх станцууд дизель түлш их хэмжээгээр олгохгүй байгаагаас үүдэн мөн л техникүүд нь "зогсчих" гээд байгаа аж. Үүнийгээ салбарын сайдад хэлж, дизель түлшний нөөцтэй болох талаар арга хэмжээ авч байгаа юм билээ. Энэ талаар "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Дэлхийн бусад орнууд 1000 гаруй км төмөр замыг ямар хугацаанд барьж дуусгадаг вэ. Энэ талаар судалж үзсэн үү?

-Казахстан, Туркменстанд төмөр замын бүтээн байгуулалтыг жил бүр хийдэг. Эдгээр орнууд 900 км төмөр замыг хоёр жилийн хугацаанд барьж байгуулсан байдаг. Гэхдээ бид энэ хугацаанд төмөр зам барина гэж хэлж чадахгүй. Манай улсын цаг уурын онцлогийг тооцож үзэх хэрэгтэй. Аравдугаар сараас дөрөвдүгээр сарын эх хүртэл хөрстэй холбоотой ажил хийх боломжгүй.


-Чойбалсангаас Сайншанд хүртэлх төмөр замд хичнээн өртөө, зөрлөг байх бол?

-Өртөөний тоог хэд байх талаар хараахан баталж гарсан зүйл байхгүй байна. Одоогоор техник, эдийн засгийн үндэслэлийг хийж байна. Ачаа тээврийн нэвтрүүлэх чадвараас шалтгаалаад өртөө, зөрлөг тодорхойлогдоно. Зөрлөг, өртөөний тоо долдугаар сард гарчих байх. Зургийн дагуу Хэрлэн голын дээгүүр гарсан 300 орчим метр гүүр баригдахаар болсон.

-Ер нь нэг км төмөр замын өртөг ямар байдаг вэ?

-Газар орны байршлаас үүдээд нэг км төмөр замын өртөг өндөр байна. Сайншандаас Таван толгой хүртэлх зам бол сайр ихтэй, үерийн ус буух эрсдэл ихтэй тул үерийн усыг зайлуулах хоолой барина гэдэг маань өөрөө их зардалтай. Дорнодын нутагт гэхэд зардал харьцангуй бага. Энэ бүхэн ажлын зурган дээр тодорхой болж, гарч ирнэ.

-Төмөр зам барих ажилд дизель түлшний хомсдол сөргөөр нөлөөлж байгаа гэсэн.Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Одоогоор дизель түлшний хомсдолтой байгаагаас үүдэн зарим газар ажил зогсчих гээд байгаа хүндрэлтэй зүйл бий. Гэхдээ үүнийг салбарын сайдад мэдэгдсэн.Удахгүй ажил хэвийн болох байх гэв.

 

500 ажлын байр бий болно

 

Одоогоор 49 км-ийн замын 300 метр тутамд зургаан метрийн гүн өрөмдлөг явуулж, судалгааны дээж авчээ. Өрөмдлөг судалгааны ажил дуусаж байгаа аж. Харин гүүр хоолой барих газарт 15 метрийн гүнд өрөмдлөг хийсэн байна. 50 км төмөр зам барихад орон нутгаас 500 гаруй хүнийг ажиллуулах шаардлагатай байгаа юм билээ. Далан барих ажил удахгүй эхлэх бөгөөд орон нутгийн иргэдийг энэ ажилд хамруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Харин нийт зам ашиглалтад ороход 20.000 орчим ажлын байр бий болох юм гэсэн шүү. Баригдаж байгаа төмөр зам ихэвчлэн говь, тал газраар дайрч байгаа нь замын ажил, тээврийн ашигт ажиллагаа болон малчдын отор нүүдэлд нөлөөлөхгүй зөв шийдэл гэдгийг албаны хүмүүс хэлж байсан.

Манай улс жилд 60 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох тооцоо гаргасан.Үүнийг энэхүү баригдаж байгаа төмөр замаар зөөх учиртай. Ийнхүү шинэ төмөр зам барих ажил хэрхэн явагдаж байгаатай танилцах үеэр ЗТБХБ-ын сайд Х.Баттулга "Шинэ төмөр зам тавих хөрөнгө, мөнгөний эх үүсвэрийг Засгийн газраас хайж байна. Хамгийн гол найдвар бол "Монгол Улсын Хөгжлийн банк". Дараагийн гарц нь "Монголын Төмөр зам" компанийн 49 хувийг хувьчилж, хөрөнгө босгох. Харин гурав дахь нь Таван толгойн тендерт оролцож буй компани дэд бүтцэд өөрсдөө хөрөнгө гаргах асуудал. Төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө дээрх гарцуудын нэгдлээс хамаарч, бүтэх учиртай гэж тооцоолсон. "Нэг км төмөр зам барихад шаардлагатай хөрөнгө албан ёсоор гараагүй байна. Ирэх долдугаар сард зам тавих үнэлгээ гарна.Төсөөлж байгаагаар нэг км төмөр зам барихад 2-2.5 сая ам.доллар шаардлагатай байх" гэлээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.