Х.Баттулга: Өнгөц харахад алсуур, өртөг өндөр мэт харагдах боловч ирээдүйн өгөөжийг нь харах учиртай
2009.12.07

Х.Баттулга: Өнгөц харахад алсуур, өртөг өндөр мэт харагдах боловч ирээдүйн өгөөжийг нь харах учиртай

Говийн бүс эх орны ирээдүй болжээ. Нүд алдам цэлийх өргөн уудам говь нутгийн хөрсөн доороос олон тооны ашигт малтмалын орд газар,  илэрцүүдийг нээгээд эхнээс нь ашиглаж эхэллээ. Байгалийн баялгаа түшиглэн аж үйлдвэрүүдийг байгуулах, төмөр зам барих гэхчилэн асар их хэмжээний бүтээн байгуулалтыг өрнүүлэх өргөн боломж нээгджээ. Энэ бол бидний үеийнхэнд тохиосон хамгийн том боломж гэж болно. Алдвал эргүүлж болдоггүй цаг хугацаа болоод боломжийн давхцалыг хөрөнгө оруулалтаар тэтгэн эх орныхоо хөгжилд шийдвэртэй алхам хийх цаг болсныг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас зохион байгуулсан аяллаас харж болохоор байлаа. Аяллыг УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү нар ахалж, өдөр тутмын сонинууд, телевизийн сэтгүүлч сурвалжлагч нар бүрэлдэхүүнд нь оролцсон юм. Аяллын багийнхны зорьсон газар Дорноговь аймгийн төв Сайншанд хот. Тус хотын газарзүйн байршил болон төмөр замын хөгжлийн давуу талуудыг түшиглэн хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийг салбарын яамнаас боловсруулан өнгөрсөн онд Засгийн газраар батлуулаад байгаа юм. Хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулснаар хожил нь хэнд буух вэ, Оюутолгой, Тавантолгойн орд газар нь өмнийн говьд илэрсэн байтал тэрхүү аж үйлдвэрий цогцолборыг дорнын говьд байгуулах нь ямар учиртай хийгээд энэхүү цогцолбор үйлдвэрийн хэтийн хаялга ямар байх талаар Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгатай аяны урт замд ярилцсанаа уншигчидтайгаа хуваалцъя.

-Сая та бид Сайншанд аж үйлдвэр байгуулах газар нутгаар аяллаа. Сайншанд аж үйлдвэр гэж яригдаад багагүй хугацаа өнгөрч байгаа ч яг ямар дүр зурагтай, юу гээч бүтээгдэхүүн үйлдвэрлэх цогцолбор байх талаар төсөөлөл хомсхон байна. Тэгэхээр та бид хоёрын яриа аж үйлдвэрийн цогцолборын дүр зургаас эхлэх нь зүйтэй болов уу.

-Төмөр зам бол Монгол Улсын ирээдүй.Далайд гарцгүй манай орны хувьд төмөр замыг хэрхэн хөгжүүлснээс их зүйл шалтгаална.Өөрөөр хэлбэл уул уурхайн олборлолт ашиглалтыг төмөр замын хөгжилтэйгээ холбох нь Монгол Улсын хөгжлийг тодорхойлно гэж болно.Оюутолгойн орд газрыг ашиглаад эхэлчихлээ.Тавантолгойн ордын асуудал удахгүй УИХ-аар шийдэгдэнэ.Тэгэхээр Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглаад эхлэхээр эн түрүүнд тавигдах зүйл бол дэд бүтцийн асуудал.Хамтарсан Засгийн газрын дэд бүтцийн асуудлыг бүтэн жил гаруйн хугацаанд хариуцан ажиллаж байгаагийн хувьд энэ хоёр ордын дэд бүтцийг хэрхэн зөв зохистой хөгжүүүлэх вэ, эх орондоо нэмүү өртөг бүтээх үйлдвэрлэлийн салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт толгой өвтгөн, олон хувилбар боловсруулж өдийг хүрлээ.Тиймээс стратегийн ач холбогдолтой эдгээр ордыг боловсруулах чиглэл рүү татах нь хамгийн зөв юм гэсэн шийдэлд хүрээд байна. Манай улсын боловруулах үйлдвэрийн салбарын хөгжил тун ядмаг.Одоогоор Орхон аймагт Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр, Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэртэйгээ уялдуулан хөгжүүлэхийн тулд одоогийн төмөр замтайгаа огтлолцуулан Тавантолгойгоос Сайншанд хүртэл 500 орчим км төмөр замыг шинээр барихээр төсөл боловсруулан Засгийн газраар батлуулсан. Төмөр замын зангилаагаа түшиглэн хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулчих юм бол Эрдэнэтийн зэс, Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүдтэйгээ уялдуулан хөгжүүлэх өргөн боломж нээгдэнэ. Эрдэнэтийн зэсийг төмөр замаар зөөвөрлөн боловруулахын дээр Цагаан суваргын зэсийн ордыг ашиглалтад оруулан боловруулан ашиглах боломж бий. Цаашлаад ОХУ-ын Эрхүүгийн районд Удаганы зэсийн орд ашиглалтад орсон. ОЮутолгойгоос дутахгүй арвин нөөцтэй тэрхүү ашигт малтмалыг ч бид боловсруулдаг болохыг үгүйсгэхгүй. Яагаад болохгүй гэж. Энэ бүхнийг татаж чадвал жилдээ сая орчим тонн зэс боловсруулаад байх боломж бий. Мөн Дарханд олборлож буй төмрийн хүдрийг Тавантолгойн нүүрсээрээ хайлуулан ган бөмбөлөг зэрэг биетүүд гаргаж чадна. Зэс ,ган, төмөр кокс гэсэн дөрвөн үйлдвэрлийг түлхүү хөгжүүлэхийн дээр цайр, жонш, нефтийн шаар зэргийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Өнөөдөр Монгол Улсад 6-7 мянган км автозам тавих шаардлагатай байгаа. Зам тавихад хэрэглэдг битумийг бид бүгдийг гадаадаас импортлодог. Гэтэл нефтийн шаарыг ашиглан энэхүү битумийг аж үйлдвэрийн цогцолбортоо үйлдвэрлээд байх боломж бүрдэнэ. Энэмэтчилэн задлаад яривал их зүйл байна. Өнгөрсөн хугацаанд бид хангалттай хэмжээний түүхий эдиийг гадаадад гаргасан. Одоо боловсруулах чиглэлдээ анхаарах цаг болсон. Эдгээр бүтээгдэхүүнээ БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан далайн тээвэр эхлүүлж, Япон, Солонгос, Энэтхэгийн зах зээлд гарах хамгийн ашигтай гарц харагдаад байгаа. Цаашилбал энэ зам Чойбалсан хотын өргөн төмөр замаар дамжин ОХУ-ын транс Сибирийн төмөр замын сүлжээтэй холбогдон Европын зах зээл рүү хагас боловсруулсан бүтээгдэхүүн гаргах бас нэгэн гарц байгаа. Тэгэхээр сонголт өргөжиж, зах зээлийн тулгалтаас тойрох тэр гарцыг л бид сонгоод байгаа хэрэг л дээ.

-Аж үйлдвэрийн цогцолборыг заавал Сайншандад байгуулахаар шийдсэний учир юу вэ. Уг нь орд газрууд маань Өмнөговийн нутагт илэрсэн шүү дээ. Гэтэл Сайншанд руу төмөр зам тавих нь дэндүү алсуур юм биш үү?

-Би дээр онцолж хэлсэн төмөр замын зангилаа эхний шалтгаан. Харин удаах нь ус. Усгүйгээр үйлдвэржилт хөгжүүлэх ямар ч боломжгүй. Дорнын говь бол газрын доорх усны нөөцийн хувьд Өмнөговиос хамаагүй илүү. Одоогоос гучин жилийн тэртээ илрүүлсэн усны суваг өнөөр хэр оргилсоор байгааг бид сая үзлээ шүү дээ. Энэхүү Далайн сайн усны нөөцийг түшиглэн үйлдвэрээ байгуулахын дээр алсдаа Хэрлэн мөрний илүүдэл усыг татахад газарзүйн байрлалын хувьд давуу талтай. Түүнчлэн төмөр замын тээврээс гадна Хар тойрмын нөөц аэродромыг түшиглэн агаарын тээврийг ч хөгжүүлэх боломжтой. Энэ бүхнийг тооцож үзэхэд Сайншандад хүнд аж үйлдвэрийн цогцолборыг барих нь хамгийн оновчтой болох нь харагдаж байгаа. Хэдийгээр өнгөц харахад алсуур мэт, өртөг өндөр мэт харагдах боловч ирээдүйн үр өгөөж нь илүү юм шүү гэдгийг онцолъё.

-Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороос гадна Өмнөговь аймгийн нутагт нарийн царигийн төмөр зам тавих талаар яригдаад байгаа шүү дээ.Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайтын боомт хүртэл төмөр зам тавьж , нүүрсийг хагас боловсруулан гаргана гээд байгаа. амын хувьд дөт байхаар яригдаж байгаагийн дээр Өмнөговьд ч бас аж үйлдвэрийн цогцолбор барих тухай ч яригдсан.

-Нарийн царигийн төмөр зам тавих нь нэг улсын хараат байх нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг би маш олон удаа давтан хэлж байгаа. Хэрэвзээ Ухаа худгаас Гашуунсухайт руу нарийн царигийн төмөр зам тавих юм бол Сайншандын хүнд аж үйлд вэрийн цогцолбор төсөл хэрэгжихэд тун хэцүү болно. Яагаад гэхээр Сайншандын аж үйлдвэрийг галаар тэтгэх боломж алдагдана гэсэн үг. Ганцхан жишээ хэлье. Бидний байгуулах гээд байгаа коксийн үйлдвэрийн технологийг судалж үзэхэд онцлог нэг зүйл ажиглагдсан. Коксийн анх байгуулснаасаа хойш 30 жил тасралтгүй ажиллуулах учиртай юм байна.Яг л хүний зүрх шиг нэгэн хэмээр 24 цагийн турш тасралтгүй 30 жил ажиллах технологитой.Хэрэв түүхий эд, нүүрсний хангамж тасрах л юм бол үйлдвэр зогсоно. Үйлдвэрийг байгуулахдаа 700-800 мянган ам.доллар зарцуулдаг бол засварт хөрөнгө оруулалтын 70-80 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Энэ бол хөрөнгө оруулагчдад эрсдэлтэй зүйл болно. Коксийн үйлдвэр барих сонирхлоо Герман, Солонгос, Хятадаас илэрхийлээд байгаа. Тэд хөрөнгөө оруулахын тулд тасралтгүй ажиллагааг л шаардах болно. Гэтэл бид гол түлш болох нүүрсээ түүхийгээр нь хятад руу гаргаад хөрөнгө оруулагчдыг үргээх нь зөв үү гэдгийг бодолцох учиртай. Өмнөговьд боловсруулах үйлдвэр барина гэдэгт би итгэлтэй биш байгаа. Ямартай ч Сайншандтай дүйцэхүйц хэмжээний өргөн хүрээтэй үйлдвэр баригдах магадлал байхгүй. Өмнөговьд бол зөвхөн нүүрс угаах процесс л явагдах юм билээ. Нүүрс угаах нь хаягдлыг нь цэвэрлэж байгаа болохоос боловруулж буй хэрэг биш. Бас нэгэн онцолж үзэхээс аргагүй зүйл бол өмнийн говь усны нөөцөөр хомс.

-Сайншанд хүнд аж үйлдвэрийн цогцолбор барихад чамгүй хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй нь мэдээж. Хөрөнгө оруулалтыг хаанаас татах вэ?

-Өнөөдөр улсын хэмжээнд 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаагийн 8.3 тэрбум нь Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт ноогдож байна.Энэ бол асар их хөрөнгө. Гэвч хөрөнгө оруулалт бол санаа зовох асуудал биш. Энэхүү төслийг сонирхон хөрөнгө оруулалт хийх хүсэлтээ илэрхийлсэн улс орон цөөнгүй. Тэдэнтэй уулзан санал хүсэлтийг нь сонсож, судалгаа хийхэд тэдний зүгээс тавьж буй гол шаадлага бол “Монгол Улс энэхүү төслийнхөө үзэл баримтлалыг баталчих юм бол айдасгүйгээр хөрөнгө оруулахад бэлэн байна” гэж байгаа.

-Сайншанд,Чойбалсангаар дамжин Транс Сибиртэй төмөр замтай холбогдох нь “ах нарын далд бодлого” хэмээн хардах хүн цөөнгүй байна л даа. Үүн дээр та ямар тайлбар хэлэх вэ?

-Оросууд бол түүхий эд импортлох орон биш. Сибир чинь тэр чигээрээ баялаг. Түүнийгээ ашиглаж эхлээгүй орон шүү дээ. Транс Сибирийн төмөр зам дотоддоо алдагдалтайд тооцогддог учир гагцхүү төмөр замаар нь тээвэрлэлт хийж байна гэдэг л ОХУ-д ашигтай. Тиймээс бид хоёр хөрш орныхоо нөхцөл байдлыг сайтар судалж байж боловсруулсан төсөл. Ер нь бол төмөр зам гэдэг өөрөө маш том стратеги. Эцсийн эцэст хувийн компани стратеги тодорхойлдоггүй,төр өөрөө тодорхойлж явах учиртай. Тиймээс УИХ-аас төмөр замын стратегийг нэн даруй тодорхойлох ёстой.

-Одоогийн нөхцөл байдлыг харахад “Эм Си Эс” компани төмөр зам тавих зөвшөөрлөө Засгийн газраас хэдийнэ авчихаад байгаа, бас Сайншанд төслийг ч баталчихсан байгаа. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх ёстой вэ?

-“Эм Си Эс” компани Засгийн газраас зөвшөөрөл авсан боловч Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдээгүй байгаа гэдгийг л хэлье дээ. 2007 оны төмөр замын тухай хуульд тусгай зөвшөөрөл нь юун түрүүн улс орны үндэсний аюулгүй байдлыг хөндөөгүй, улс орны эрх ашгийг хамгаалсан байх ёстой гэсэн заалт байгаа шүү дээ. Одоогоор гурван хувийн компанид л өгөөд байгаа. 2008 оны зургадугаар сарын 18-ы өдөр буюу сонгуулийн өмнөхөн өгсөн байдаг.

-Цаашдаа Монгол Улсын төмөр замын хөгжлийн талаар төгсгөлд нь асуумаар байна. Одоогоор манай улсын төв, зүүн бүс л төмөр замтай. Баруун бүсэд төмөр тавигдах уу. Өндөр уул нуруудтай учир төмөр зам тавих боломжгүй байдаг юм уу?

-Ямар ч тохиолдолд төмөр зам тавих хэрэгтэй. БНХАУ л гэхэд саяхан Түвд рүү хурдны галт тэрэг тавилаа. Огт ашиггүй байхад л бодлогоор тавьж байгаа хэрэг. Монгол Улс 6,5 тоннын нөөцтэй Тавантолгойн ордыг эзэмшиж байгаагийн хувьд ямар ч хөрөнгө оруулалтаас айлгүйгээр тавих хэрэгтэй. Төмөр замыг өргөтгөн хөгжүүлэх ойрын болон дунд, урт хугацааны зорилтоо тодорхойлоод байгаа. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.