Сайншандад хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулна
Дорноговь аймгийн Сайншанд суманд Хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар төлөвлөж байна.
Ингэснээр түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамгаалах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болох, ажлын байр нэмэгдэх, ажиллагсдын мэргэжлийн түвшин, чадамж дээшлэх, бүтээгдэхүүнийг бүрэн, үр дүнтэй ашиглах чухал ач холбогдолтой гэж салбарын яам үзэж байна.
Хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулснаар Үндэсний нийт бүтээгдэхүүн 12,4 тэрбум доллараар нэмэгдэн 396 мянган ажлын байр нэмэгдэнэ.
Цогцолбор байгуулагдсанаар Үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдал улам баталгаажиж, ажлын байр олноор бий болон хүн амын бодит орлого нэмэгдэж, хүнд аж үйлдвэрийн салбар хөгжих үндэс болох юм. Мөн улс төрийн намуудаас сонгуулиар дэвшүүлсэн ашигт малтмалын орлогоос ард түмэндээ хүртээх зорилт биелэх боломж бүрдэнэ.
Сайншанд нь төмөр замын дагуух тээврийн том зангилаа, шинээр цогцолбор байгуулахад бүх талаар дөхөмтэй, аж үйлдвэрт хэрэглэх түүхий эд, жонш, чулуу, хүрэн нүүрсний ордуудад ойр байрлалтай учир цогцолборыг энд байгуулахаар төлөвлөжээ.
Хүнд аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд зэс, төмрийн хүдэр, ган хайлуулах, газрын тос боловсруулах, кокс, цементын үйлдвэр, цахилгаан станц, төмөр замын терминал, орон сууцны хороолол барьж Улаанбаатар хотын авто зам, Монгол Улсын авто замын сүлжээг хөгжүүлэх юм. Мөн цогцолборыг дагасан хөнгөн үйлдвэр, боловсрол, соёл, шинжлэх ухаан, худалдаа, үйлчилгээний төв гээд 200 гаруй төрлийн бизнес хөгжинө гэж тооцоолж байна.
Энэ бүсэд баригдах шинэ цахилгаан станц гэхэд л төмөр замыг эрчим хүчээр иж бүрэн хангаж, төмөр замын тээврийн өртөг буурч, экспортын орлого эрс нэмэгдэн валютын нөөц ихсэх боломжтой юм.
Хүнд аж үйлдвэрийн цогцолбор болон дэд бүтэц, нийгмийн салбарын бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ стратегийн ордууд, говийн бүс дэх ашигт малтмалын бусад ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдгээрээс авах эцсийн бүтээгдэхүүнүүдийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж санхүүжүүлэхээр болжээ.
Хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах тухай УИХ-аар шийдвэр гарсанаар техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээ хийлгэх, төслийн эрх зүйн орчин бүрдүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг эцэслэн шийдэх, барилгын ажлыг эхлэх, түүхий эдийг экспортлож эхлэх, цогцолбор ажлаа эхлэх гэсэн үе шаттайгаар 2009 оны хагасаас 2012 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлэх томоохон төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг ашигт малтмалын түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх замаар шийдвэрлэх эдийн засаг, санхүүгийн тооцоо, судалгаа хийх, эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 68 дугаар захирамж болон зам, тээврийн салбарын томоохон төсөл, арга хэмжээний санхүүжилтийн тухай Засгийн газрын захирамжийн шийдвэрийн төсөлд яамдаас ирүүлсэн саналын дагуу Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам энэ төслийг бэлтгэсэн байна.