Вьетнамын элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Л.Болд, Элчин сайд Хоанг Туан Тхинь нар
2014.02.20

Вьетнамын элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд өчигдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хоанг Туан Тхинь-ийг эх орондоо бүрмөсөн буцах болсонтой холбогдуулан зоог барив.

Зоогийн үеэр Л.Болд сайд ноён Хоанг Туан Тхинь Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, дээд өндөр хэмжээний айлчлалыг хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, Монгол орныг сайн мэддэгийн хувьд хоёр орны уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлээр цаашид ч өөрийн хувь нэмрийг оруулна гэдэгт итгэж байгааг илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Элчин сайд Хоанг Туан Тхинь Монгол Улсад ажиллах хугацаанд Монгол Улсын ГХЯ-ны зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, хоёр орны харилцааг хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон бусад салбарт хөгжүүлэх өргөн нөөц бололцоо байгааг тэмдэглэж, энэ онд тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх талаар санал солилцож, хоёр орны харилцааг хөгжүүлэх үйлсэд цаашид ч өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.