Л.Болд сайд Австрали Улсад айлчлал хийхээр төлөвлөж байна
Гадаад харилцааны сайд Л.Болд Австрали Улсад хийхээр төлөвлөж буй айлчлалынхаа бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жон Лантри-г хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Австралийн Гадаад хэргийн сайд хатагтай Жули Бишоп манай Гадаад харилцааны сайдын айлчлалд ач холбогдол өгч байгааг Австралийн тал дахин нотлов.
Сүүлийн жилүүдэд хоёр орны хооорондын харилцаа хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжин тэлж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааг өргөтгөсөн түншлэлийн зарчмаар цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа талууд дурдав.
Монгол Улсад уул уурхайн салбар хурдацтай хөгжиж буй өнөө үед Австрали Улсын туршлагаас суралцах, түүнчлэн тус Улсын албан ёсны тусламж манай улсын хүний нөөцийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлов.