Хөршүүд олимпийн хотод уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2014.02.07

Хөршүүд олимпийн хотод уулзлаа

ОХУ-ын Сочи хотноо нээгдэх Өвлийн ХХII Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцохоор явах замдаа Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дагалдан яваа хүмүүсийнхээ хамт өчигдөр Москва хотын Шереметьево-2 нисэх онгоцны буудалд түр буудаллаад Сочи хотод хүрэлцэн очлоо.

Москва хотын Шереметьево-2 онгоцны буудалд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл угтан авч Өвлийн олимпийн Сочи хот руу хамт нисчээ.  

Олимпийн хотод өчигдөр болсон ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын хүлээн авалтад улс орны төрийн тэргүүнүүд уригдан оролцжээ.

ОУОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг хүлээгээд удаагүй байгаа Томас Бах Монгол Улсын Ерөнхийлөгчид хувийн урилга илгээж, олимпод урьсан билээ.

Германы иргэн, туялзуур жадны тамирчин Томас Бах Монголын Ерөнхийлөгчтэй эртний танил аж.  Энэ хүлээн авалтын үеэр Монгол, Оросын Төрийн тэргүүнүүд элэгсэгээр уулзаж буй  гэрэл зургийг Сочи хотоос илгээжээ.

Ерөнхийлөгч мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзсан байна.