Шинэ үеийн төр: Ухаалаг төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “The Next State” сэдэвт дугуй ширээний уулзалтад
2014.01.27

Шинэ үеийн төр: Ухаалаг төр

Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд “Төрийн шинэ үе” буюу “The Next State” сэдэвт дугуй ширээний уулзалт хэлэлцүүлэг болов.

Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон бусад улс орны төр, засийн төлөөлөл, дэлхийд нэр хүндтэй профессорууд, судалгааны төв, технологийн томоохон төлөөлөл оролцож шинэ үеийн төрийн чиг хандлага, онцлогийн талаар ярилцав.

Ямар технологи болон загвараар ирээдүйн төр, улс төрийн тогтолцоог бий болгох вэ. Өмнөх үеийн аж үйлдвэрийн хандлагад түшиглэсэн төрийн тогтолцооноос мэдээллийн технологи, инноваци, судалгаанд суурилсан төрийн тогтолцоог бүрдүүлж, хувийн хэвшилтэй хамтран ажиллах нь шинэ үеийн төрийн зураглал болохыг тус хуралдаанд оролцогчид онцолж байв.  

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуралдааны үеэр хэлсэн үгэндээ “Бид өнгөрсөн жил “Том төрөөс ухаалаг төр рүү” сэдэвт чуулган хийлээ. Эхлээд хүмүүст энэ ойлголтыг энгийнээр өгөхийн тулд хоёр төрлийн гар утсыг үзүүлсэн. Нэг нь хорин жилийн өмнө хэрэглэж байсан овор томтой гар утас, нөгөө нь өнөөдөр бидний хэрэглэж байгаа авсаархан утас. Энэ нь технологийн хөгжлийн хандлага нь улам бүр таатай, хэрэглэхэд хялбар болж байна.

Тэгвэл технологийн энэ дэвшлийн эсрэг төрийн тогтолцоо нь улам л данхайж, улам л томорсоор ирж. Ийнхүү хүнд сурталдаа баригдсан төрийн бүтэц нь заан биетэй, хулгана толгойтой ер бусын амьтан шиг болсон байна. Тиймээс бид төрийн энэ буруу хэлбэрийг халах цаг ирсэн. Үүнийг өөрчлөхийн тулд бид зоримог шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Тухайлбал, бид төрөөс олгодог зөвшөөрөл лицензийн 40 хувийг зогсоосон.

Хувийн хэвшлийнхний бизнесийн орон зай руу Монголын төр цаашид орохгүй байхын төлөө ажиллаж байгаа.

Цаашид 30 хувийг хувийн хэвшилд шилжүүлэх болно. Ямар нэгэн зөвшөөрөл, лицензийг зөвхөн парламентаар, хуулиар бий болгох болно. Бид цаашид төрийн өмчит аж ахуйн нэгж байхыг зогсоохоор ажиллаж байгаа. Хувийн хэвшлийнхний бизнесийн орон зай руу Монголын төр цаашид орохгүй байхын төлөө ажиллаж байгаа. Мөн бид “Шилэн дансны хууль”-ийг нэвтрүүлж байна.

Хэрвээ ямар нэгэн албан тушаалтан 72 цагийн дотор мөнгөний зарцуулалтаа цахим хуудастаа тайлагнаагүй бол тэр албан тушаалтантай шууд хариуцлага тооцох замаар ажиллах болно. Иргэд улс төрийг биш, татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг л илүү сонирхож байдаг. Бид хоёр жилийн дотор авлигын индексийн жагсаалтад 36 орноор урагшилж бууруулсан. Бид энэ амжилтаа бататгахын төлөө эрчимтэй ажиллах болно. Энэ нь ухаалаг төрийн нэгэн шалгуур байх болно.

Бид Дэлхийн эдийн засгийн чуулганаас “Ухаалаг төрийн тунхаг” гаргаж, улмаар хорин жилийн дараа гэхэд дэлхийн бусад улс орнуудад туршлагаасаа хуваалцах хэмжээнд хүрэхийн төлөө ажиллах болно. Монгол Улс судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хуулийн засаглалтай улс болох нь шинэ үеийн төрийн хандлага байх болно” гэв.  

Энэхүү уулзалтын дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Уул уурхай, металлургийн бодлогын хуралдаан (Policy outlook: Governors Meeting of Mining and Metals)-нд оролцсон юм.