ДГХБО-ын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлнэ
Гадаад харилцааны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэх Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн (ДГХБО-уудын ОУСТ) үйл ажиллагааг эхлүүлэх төслийн баримт бичигт Гадаад харилцааны сайд Л.Болд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Сезин Синаноглу нар 1 дүгээр сарын 15-ны өдөр гарын үсэг зурлаа.
Уг төвийг Улаанбаатарт байгуулан үйл ажиллагааг эхлүүлснээр манай орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тус дэм болж байгаагаас гадна Монгол Улсад байгуулагдсан анхны олон улсын Засгийн газар хоорондын байгууллага тул манай улсын олон улсын нэр хүндэд улс төрийн чухал ач холбогдолтой юм.
Олон улсын судалгааны төвийн зорилго нь олон улсын худалдаа, түүний дотор Дэлхийн худалдааны байгууллагын яриа, хэлэлцээнээс ДГХБО-ууд үр ашиг хүртэх чадавхийг сайжруулах, эцсийн үр дүнд хүний хөгжлийг дээшлүүлж, ядуурлыг бууруулах бололцоог бий болгоход нь дээд зэргийн судалгаа, мэдээлэл зөвлөгөөг ашиглах явдал юм.
Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний системийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахад бодитой ахиц гаргах...” гэсэн зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хооронд “2012-2016 онд хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө”- байгуулагдсан.
НҮБ-ын ХХ-өөс аливаа үйл ажиллагааг дэмжиж ажиллахдаа төслийн баримт бичиг байгуулах шаардлага тавьдаг
Энэхүү төлөвлөгөөнд ДГХБО-ын ОУСТ-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд НҮБ-ын ХХ-өөс дэмжлэг авах асуудлыг тусгасан. НҮБ-ын ХХ-өөс аливаа үйл ажиллагааг дэмжиж ажиллахдаа төслийн баримт бичиг байгуулах шаардлага тавьдаг бөгөөд ингэснээр НҮБ-ын ХХ-өөс суугаа оронд тодорхой хөрөнгө мөнгө зарцуулах эрх нь нээгддэг.
Олон улсын байгууллагууд болон хандивлагч орнууд шинээр үүссэн байгууллагад хандив өгөхөөс илүү НҮБ-ын системийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төсөлд хандив өгөх магадлал өндөр байдаг.
Энэхүү төслийн хэрэгжих хугацааг 3 жилээр тодорхойлсон бөгөөд төсөл хэрэгжиж эхэлснээр ОУСТ-ийн эрх зүйн зохицуулалт сайжирч санхүүжилт, хүний нөөцийн асуудал, ОУСТ-ийн чадавхийг бэхжүүлэх, ОУСТ-ийн байрны тохижуулалт, бичиг хэрэг, шуудан холбоо, судалгаа, семинар гэх мэт олон тулгамдсан асуудлууд шийдэгдэх болно.
Далайд гарцгүй хөгжиж буй орнууд хэмээх тодотголтой нийт 31 улс байдаг ба дийлэнх нь буурай хөгжилтэй улс юм. Тээврийн өртөг өндөр, үүнээс үүдэлтэй өрсөлдөх чадвар сул, гадаад худалдааны эргэлт бага, экспортын барааны нэр төрөл цөөн, дэд бүтэц муу хөгжсөн зэрэг харилцан холбоо бүхий саад тотгор нэлээдгүй байдаг учир ДГХБО хөгжлийн хувьд үндсэндээ хоцрогдсон хэвээр байна.
Манай улс НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудалд хандуулах чиглэлээр бусад холбогдох орны хамт 1990-ээд оны дунд үеэс идэвхтэй ажиллаж ирсний дүнд ДГХБО-дын албан ёсны бүлгийг НҮБ-ын дэргэд байгуулж, улмаар ДГХБО-ын Олон улсын судалгааны төв байгуулах санаачилгыг анх 2006 онд гаргасан билээ. 2009 оны 7 дугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-Мүн Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр тус судалгааны төвийн шавыг тавьсан болно.