Оросын холбооны улсын элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Л.Болд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан 1 дүгээр сарын 13-нд ГХЯ-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр сайд Л.Болд Элчин сайдтай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, 2013 оны 11 дүгээр сарын 26-27-нд Москва хотноо болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдааны дүнг сайшааж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны олон асуудал, ялангуяа худалдаа, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэхэд дөхөм болсныг тэмдэглэв.
Мөн уулзалтын явцад 2014 онд хоёр талын хооронд хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон зарим тодорхой асуудлуудын талаар ярилцав. Тухайлбал, 2014 онд Халх голын тулалдааны хамтын ялалтын 75 жилийн ой болохтой холбогдуулан уг арга хэмжээг өргөн хэмжээнд тэмдэглэх нь ач холбогдолтой болохыг тэмдэглэв.