Есөн улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжив
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шинэ оны анхны хуралдаан болж, Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Гадаад харилцааны сайд Л.Болдын танилцуулснаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын үзэл санаа болон Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох ажлыг хэрэгжүүлэх санал гаргасны дагуу НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй 45 улсад 2010 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Монголын талын сонирхлыг албан ёсоор НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан уламжилжээ.
Одоогоор дипломат харилцаа тогтоох санал тавьсан 45 улсаас 15 нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоогоод байна. Ямайка улстай 2012 оны аравдугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан бол үлдсэн 29 орны тухайд өнгөрсөн оны гуравдугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дипломат харилцаа тогтоох асуудлыг дэмжсэн тул уг асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж дэмжигдсэн байна.
Иймээс тус байнгын хорооноос Засгийн газарт үүрэг болгосны дагуу эдгээр орнуудтай дипломат харилцаа тогтоох ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар есөн орон Монгол Улстай дипломат харилцаа тогтоох саналыг Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан зөвшөөрч, Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зуржээ. Үүнд, Антигуа Барбуда улс, БНБурунди улс, БНВануату улс БНПалау улс, БНСуринам улс, БНСьерра Леон улс, БНТого улс, Эритри улс, Ямайка улс Нью-Йорк хотноо тус тус Хамтарсан мэдээнд гарын үсэг зуржээ. Иймээс эдгээр сөн улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын 2013 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу УИХ-д өргөн мэдүүлжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Сү.Батболд цаашдаа нэмж хэдэн улстай дипломат харилцаа тогтоох чиглэлээр ажиллаж буйг тодруулахад сайд Л.Болд “Одоогоор гурван улс манайтай дипломат харилцаа тогтоох санал тавьж хамтарсан мэдээ гаргаад байгаа. Үлдэж байгаа 18 улстай энэ ондоо багтаан дипломат харилцаа тогтоох чиглэлээр Гадаад харилцааны яам идэвхтэй ажиллаж байгаа” гэсэн хариулт өгөв.
Ингээд тогтоолын төслүүдтэй холбогдуулан гишүүдээс санал хураахад 100 хувийн саналаар дэмжлээ.