Гадаад харилцаа 2013 онд
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2013.12.23

Гадаад харилцаа 2013 онд

-GoGo.mn 2013 оны онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэж байна-

Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд анхны гэж тодотгохуйц олон чухал ажлын ард гарсан 2013 оныг та бид үдэж байна. 

Бидний эх орныхоо нэр хүндийг өсгөх, байр суурийг нь бэхжүүлэх зорилго маань урагш ахисаар дэлхийн бодлогыг тодорхойлох хэмжээний олон улсын байгууллага, хамтын нийгэмлэгүүд Улаанбаатар хотод манай санаачилгаар хуралдан чуулдаг, бүс нутгийн хэмжээнд тулгамдсан асуудлаа хэлэлцдэг боллоо.

Харилцаа, хамтын ажиллагаа маань өргөжиж, Монголыг зорин ирдэг өндөр дээд зочдын тоо эрс нэмэгдлээ. Тэр дундаас бид шинийг олдог, ихийг хождог байх бололцоог нээхэд айлчлалуудын үеэр байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд нэн чухал байв. Чухамдаа түүхэн гэж хэлж болох томоохон гэрээ, хэлэлцээрүүдийг Монгол Улс энэ онд Европын холбоо, АНУ, Япон, БНХАУ зэрэг улсуудтай байгууллаа. 

Гадаадад суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, үйлчилгээг ойртуулахад анхааран ажиллаж шинээр Элчин сайдын яам, Ерөнхий болон консулын газар нээх, дипломат төлөөлөгчийн газруудын байршлыг оновчтой тогтоох зэрэг багагүй өөрчлөлтийг бий болголоо. Мөн гадаад улс орнуудад зорчих визийн асуудлаар цөөнгүй гэрээ хэлэлцээр  байгуулж өмнө байгаагүй томоохон хөнгөлөлт, давуу байдлыг иргэддээ нээлээ.

Даяаршсан дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхаж, өрсөлдөөн дундаас шалгарч гаръя гэвэл Монгол Улсын айл өрх, аж  ахуйн нэгж, байгууллага, аймаг, сум бүр гадаад харилцааны нэгдмэл бодлоготой, иргэн бүр нь Элчин сайд байх шаардлагатай. Тэгж гэмээн бид олон арван сая хүн амтай, олон зуун мянган дипломатчтай том гүрний төвшинд гадаад харилцаагаа хөгжүүлж, хүн төрөлхтөний хөгжлийн хурдтай нийцэх төдийгүй улс орныхоо язгуур эрх ашгийг бататган хамгаалж чадах юм. Харин энэхүү бололцоог нээж оновчтой бодлого, үйл ажиллагааны механизмыг бий болгох үүднээс Гадаад харилцааны яам, дипломат алба шинэчлэл хийж ажиллалаа. 

Эдгээр болон бусад олон ажлын маань үр дүн цаасан дээрх тоо төдийгөөр биш Монгол Улсын эдийн засгийн хөгжил, хүмүүсийн амьдрал, ардчиллын ололт, амжилтыг ахиулах эерэг өөрчлөлтөөр хэмжигдэх тул шинэчлэлийн үйл ажиллагаа маань цаашид улам эрчимтэй явагдах учиртай. 

Өмнөх оны ажилаа дүгнэх, ирэх жилд тэдгээрийг бататгах их ажилдаа санаа оноо сонсох үүднээс уншигч танд Гадаад харилцааны яам 2013 оны ажлын товч тайлангаа ийнхүү хүргэж байна. 

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД

2013 ОНД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ, ҮР ДҮН:  

1.Эх орныхоо нэр хүндийг өсгөх, бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлэх 

- Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлыг зохион байгуулав.  
- Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалттай санамж бичиг байгуулж хамтран ажиллаж эхлэв.  
- Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга дэвшүүлэв. 
- Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчидын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулав. 
- АПЕК-ын Сайд нарын хуралд анх удаа ажиглагчаар оролцож гишүүнээр элсэх ажилд ахиц гаргав. 
- Олон улсын хамтын ажиллагааны санг байгуулав.  
- Ардчиллын боловсролын асуудлаарх НҮБ-ын тогтоолыг санаачлан батлуулав. 

2.Дэлхийн улсуудтай бодит харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 

- Дээд, өндөр түвшний 35 айчлал хийв (гадаадад 14, өөрийн улсад хүлээн авсан 21)
- 18 улсын Гадаад хэргийн сайд нар айлчлав. 
- Олон улсын болон хоёр талын нийт 63 баримт бичигт гарын үсэг зурав. 
- НҮБ-ын гишүүн 11 улстай шинээр дипломат харилцаа тогтоов. 
- 3 улсад (Бразил, Индонез, Афганистан) элчин сайдын яам байгуулахаар шийдвэрлэв. 

3.Гадаад зорчих нөхцлийг хөнгөвчлөх,  хилийн чанадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах 

- 3 улсад иргэд визгүй зорчих боллоо (Турк, Беларусь, Серби)
- 5 улсад албан болон дипломат, 2 улсад дипломат пасспорттой иргэд визгүй зорчих болов.  
- Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн төсвийг нэмэгдүүлж үйл ажиллагааг өргөжүүлэв (50 иргэнд санхүүгийн тусламж)
- Гадаадад Монгол хэлээр сургалт явуулдаг сургууль, цэцэрлэгүүд, ТББ-уудын үйл ажиллагааг дэмжих ажлыг эхлүүлэв. 
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа гадаадад байгаа иргэдийг оролцуулав. 
- 2 хотод (Бишкек, Истанбул) Ерөнхий консулын газар, 2 газарт (Пусан, Хайлаар) консулын газар байгуулахаар шийдвэрлэв. 

4.Гадаад харилцааны “Нэг цонхны” бодлого

-“Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам” боловсруулж  батлуулав. 
- Уг асуудлаарх Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж №1 гарав.
- Яамны удирдлага 21 аймагт ажиллав. 
- Яам, агентлаг, нийслэл, орон нутгийн гадаад харилцааны ажилтнуудад 3 удаагийн сургалт 

5.Дипломат албаны шинэчлэл 

-Гадаад харилцааны салбарт хийх шинэчлэлийн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж ЗГ-аар батлуулав. 
-Хөрөнгө оруулалтын шинэ бодлого боловсруулав. 
-Дипломатын Академийг байгуулав. 

2013 ОНЫ ОНЦЛОХ 13 АЖИЛ

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын бага хурал

1.Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын бага хурал

Дэлхийн 140 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн ардчиллын төлөөх томоохон хөдөлгөөн болох АОХН-ийг манай улс идэвхи санаачлагатай даргалж, 103 орны 800 орчим төлөөлөгч оролцсон Сайд нарын VII бага хурлыг 4 дүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан нь манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн чухал арга хэмжээ болсон.

2.Дэлхийн Эдийн засгийн Чуулга Уулзалттай хамтран ажиллав

Тус байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол улсын хөгжлийн стратегийг боловсруулах, олон улсад сурталчлахад томоохон дэвшил гарах эхлэл тавигдав.

Энэ хүрээнд 9 дүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Монгол Улсын хөгжлийн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалт нь манай улсын урт хугацааны хөгжлийн хувилбаруудыг тодорхойлох, оновчтой зөв шийдлийг хамтран эрэлхийлэх, хөгжлийн бодлогын олон талт хэлэлцүүлгийг чанаржуулахад бодитой хувь нэмэр болсоны зэрэгцээ Монгол Улс бол хөрөнгө оруулахад нээлттэй, ардчилсан орон гэдэг үндсэн ойлголтыг гадаад оролцогчдод бататган хүргэж, олон улсын анхаарлыг татсан ач холбогдолтой арга хэмжээ болов.

3.Түүхэнд байгаагүй олон гэрээ хэлцэл, баримт бичиг 

Энэ жил хоёр талын болон олон улсын нийт 63 баримт бичиг, гэрээг байгуулав.

Энэ жил хоёр талын болон олон улсын нийт 63 баримт бичиг, гэрээг байгуулав. 

Европын Холбоотой “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”, АНУ-тай “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр”, Японтой “Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр” Хятадтай “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр” байгуулсан нь түүхэн чухал үйл явдлууд байв. 

4.Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалахад анхаарав

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн төсвийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг өргөжүүлэв. 

Түүнчлэн Монголчууд олноор суурьшсан гадаад орны зарим хотуудад монгол хэлээр сургалт явуулдаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжиж, монгол хэлний сурах бичиг хүргүүлэх, гадаадад байгаа Монгол иргэдийн байгуулсан сайн дурын холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. 

Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс Индонез, Бразилд ЭСЯ шинээр нээн ажиллуулах, Афганистанд ЭСЯ-ны үйл ажиллагааг сэргээн ажиллуулах, Туркийн Истанбул, Киргизийн Бишкек-т Ерөнхий консулын газар, Хятадын Хайлаар, Өмнөд Солонгосын Пусанд Консулын газар нээн ажиллуулахаар болов. 

5.Сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуульд гадаад орнуудад суугаа монгол иргэдийн саналыг авах ажлыг анх удаа зохион байгуулав. 

Салбар комиссуудад нийт 6233 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлж, баталгаажуулснаас 4248 буюу сонгогчийн 68.2 хувь нь саналаа өгөв. 

6.Иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөв 

Иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөв

Энэ онд Турк, Беларусь, Серби гэсэн 3 улстай бүх төрлийн паспорттой иргэд визгүй зорчих хэлэлцээр байгуулав. 

Түүнчлэн Бруней, Колумб, Перу, Кувейт, Мьянмар гэсэн 5 улстай дипломат, албан паспорттой иргэд, Франц, Герман гэсэн 2 улстай цахим дипломат паспорттой иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулсан нь цаашид энгийн паспорттой иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх эхний шат болж байна. 

7.Олон улсын хамтын ажиллагааны сан

Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлагыг хөгжиж байгаа бусад улстай хуваалцах зорилгоор Олон улсын хамтын ажиллагааны сан байгуулав. 

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг мөрдлөг болгон өөрийн орны ардчилсан үйл явцын туршлагаас хуваалцах, олон улсын тавцанд нэр хүнд, байр сууриа бэхжүүлэх, гадаадын зарим улстай хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтыг дипломат үйл ажиллагааны зөөлөн хүчний бодлогоор дамжуулан хэрэгжүүлэхэд энэ сангийн үйл ажиллагаа ихээхэн ач холбогдолтой юм.

8.Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ

Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ

Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг намжаах, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах нь манай гадаад бодлогын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хельсинкийн үйл явц”-ыг жишээлсэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг эхлүүлэх санаачлагыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү санаачлагыг холбогдох талуудад мэдэгдэж, таниулах, татан оролцуулах замаар санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллав. 

Түүнчлэн ЗХА-ийн Эмэгтэй парламентчдын уулзалтыг Улаанбаатарт анх удаа зохион байгуулав.

9.Дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ эрс нэмэгдэв 

Дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ эрс нэмэгдэв

Хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх зорилтын хүрээнд энэ онд дээд, өндөр түвшинд гадаадад 14, өөрийн улсад 21 буюу нийт 35 айлчлал, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ханган ажиллав. 

Тухайлбал, Польш, Канад, Европын комиссын ерөнхийлөгч, Хятад, Дани, Польш, Финланд, Өмнөд Солонгосын парламентын дарга, Япон, Турк, Тайланд, Беларусийн ерөнхий сайд нар манай улсад айлчлав. 

Түүнчлэн Их Британи, Франц, Шинэ Зеланд зэрэг 18 улсын гадаад хэргийн сайд нар манай улсад айлчлав. Энэ нь манай улсын хоёр хөрш болон гуравдагч хөрштэй хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж буйн илрэл юм. 

10.Шинээр 11 улстай дипломат харилцаа тогтоов

Шинээр 11 улстай дипломат харилцаа тогтоов

НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд энэ онд Антигуа ба Барбуда, Эритрей, Бурунди, Вануату, Палау, Суринам, Сьерра Леон, Того, Уганда, Руанда, Микронези гэсэн 11 улстай дипломат харилцаа тогтоох албан мэдээнд гарын үсэг зурав. 

НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоосноор олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд өсч, байр суурь нэмэгдэхийн зэрэгцээ хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна.

11.Гадаад харилцааны “Нэг цонх”-ны бодлого

Манай улсын гадаад харилцаа улам бүр өргөжин тэлж буй өнөө үед гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, бусад улсад өөрийн улсын талаар үнэн бодитой мэдээлэл өгөх, хөрөнгө оруулагчдад тогтвортой, ойлгомжтой орчин бүрдүүлэх үүднээс “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам” боловсруулж, Засгийн газраар батлуулав. 

Энэхүү журам батлагдсанаар төрийн байгууллагуудын эрх, үүргийг тодорхой болгох, хариуцлагыг өндөржүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. 

Мөн энэ чиглэлээр Гадаад харилцааны яамны удирдлагууд 21 аймагт ажилласны дээр бүх яам, агентлаг, орон нутгийн гадаада харилцааны ажилтнуудад сургалт зохион байгуулав. 

12.Дэлхийн ирээдүйн төлөө зөвлөлөөс “Ирээдүйн төлөөх шилдэг бодлогын шагнал” хүртэв

Төр, засаг, соёл урлаг, иргэний нийгэм, академи болон бизнесийн салбарт дэлхийд нэрд гарсан зүтгэлтнээс бүрдсэн олон улсын нэр хүнд бүхий байгууллага -Дэлхийн ирээдүйн төлөө зөвлөлөөс таван улсын бодлогыг өндөрөөр үнэлж “Шилдэг бодлогын шагнал” олгосны дотор цөмийн зэвсгээс ангид статусаа хуульчилж, түүнийгээ олон улсын хэмжээнд баталгаажуулах талаар хэрэгжүүлж ирсэн Монгол Улсын бодлогыг үлгэр жишээч бодлого хэмээн үзэж шалгаруулав. 

Соёлын өвүүд ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Энэ тухай 10 дугаар сарын 23-нд НҮБ-ын Төв байранд болсон “Ирээдүйг тодорхойлсон бодлогын шагнал”-ыг гардуулах үеэр зарлав. 

13.Соёлын өвүүд ЮНЕСКО-д бүртгэгдлээ 

Түүх соёлын хосгүй дурсгалт өв, 1819 онд бүтээгдсэн, 111 боть “Есөн эрдэнийн Ганжуур” судрыг Дэлхийн баримтат өвөөр бүртгүүлэн баталгаажуулж дэлхийд данслуулав. 

Мөн Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит 8 дугаар хуралдаанаар “Монгол уран бичлэг” болон “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад  оролцогчид санал нэгтэй бүртгэлээ.