Давосын чуулга уулзалттай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Гадаад харилцааны сайд Л.Болд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагыг үндэслэгч, тус байгууллагын дарга, профессор Клаус Швабтай 11 дүгээр сарын 16-ны өдөр Женев хотноо албан ёсны хэлэлцээ хийлээ.
Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн сүүлийн үеийн байдал, Дэлхийн эдийн засгийн 2014 оны чуулга уулзалтад оролцох бэлтгэл, мөн тус байгууллагатай манай улс цаашид хамтран ажиллах өргөн асуудлаар санал солилцов.
Монгол Улс тус байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг 2013 оны нэгдүгээр сард байгуулсан юм. Энэ хүрээнд Монголд тус байгууллагын шинжээчдийн баг гурван удаа ирж ажиллаж, Монгол Улсын хөгжлийн төлөвийг тодорхойлох судалгаа явуулснаас гадна өнгөрсөн 9 дүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганы дугуй ширээний уулзалтыг “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдвээр, харин 10 дугаар сард Лондон хотноо “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх шинжээчдийн уулзалт”-ыг тус тус зохион байгуулсан юм.
Харин энэ удаад ирэх оны нэгдүгээр сард болох Давосын чуулга уулзалтын хүрээнд Монгол, Мьянмар, Катар зэрэг орнууд байгалийн баялагт суурилсан хөгжлийн загварыг хэрхэн бий болгож байгаа талаар нэгдсэн хуралдаан зохион байгуулах боломжтой талаар ноён Клаус Шваб санал болголоо.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд байгалийн баялаг бүхий орнуудын хөгжлийн асуудлыг хэлэлцэх нь бидний хувьд чухал ач холбогдолтой болохыг Гадаад харилцааны сайд Л.Болд энэ үеэр онцлон хэлсэн юм. Мөн нэгдүгээр сард болох уг чуулга уулзалтаар “Монгол Улсын хөгжлийн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ тусгай хуралдаан”, Монгол Улсыг хөрөнгө оруулагчдад танилцуулах зорилгоор “Монголын өдөрлөг” арга хэмжээг тус тус зохион байгуулна.
Мөн дээрх уулзалтын үеэр ДЭЗЧУ байгууллагын бүс нутаг дахь хамгийн нэр хүнд бүхий Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг Монгол Улсад 2016 онд зохион байгуулах талаар тохиролцож, ирэх нэгдүгээр сард энэ талаар санамж бичиг байгуулахаар боллоо.
Түүнчлэн ирэх оны 1 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 2014 оны чуулга уулзалтын бэлтгэлийн талаар профессор Шваб товч танилцуулж, 50 орны төр засгийн тэргүүн, олон улсын болон бүс нутгийн гол гол байгууллагууд, мөн хөгжлийн сангууд урилгаар оролцохоор бэлтгэж байгааг хэллээ.
Манай бүс нутгаас Японы Ерөнхий сайд, БНСУ-ын Ерөнхийлөгч, Индонезын Ерөнхийлөгч, Мъянмар, Тайланд Ерөнхий сайд нар оролцохоор байгаа бол мөн Монгол Улсаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлох зочноор оролцох юм.