Л.Болд сайдын айлчлал өндөрлөлөө
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.01.22

Л.Болд сайдын айлчлал өндөрлөлөө

Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Серби Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын эхний өдөр сайд Л.Болд тус улсын Ерөнхий сайд И.Дачичт бараалхаж Гадаад харилцааны сайд И.Мркичтэй албан ёсны хэлэлцээр хийв.

Энэ айлчлал нь манай улсаас Бүгд Найрамдах Серби улсад хийж буй өндөр түвшний анхны айлчлал бөгөөд сүүлийн 20 гаруй жил зогсонги байдалд ороод байсан хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл урлаг, спорт зэрэг олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэхүү айлчлал түүхэн ач холбогдолтой болохыг уулзалтуудын үеэр талууд онцолж байв.

Албан ёсны хэлэлцээрийн дараа Гадаад хэргийн сайд нар хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурж хэвлэлийн бага хурал хийлээ.

Бүгд Найрамдах Серби Улс нь хуучнаар Холбооны Бүгд Найрамдах Югослав Улсын залгамжлагч бөгөөд газар зүйн хувьд Балканы хойг дахь 10 гаруй улсын төвд, Европын холбоотой хиллэн оршдгоороо чухал ач холбогдолтой юм. Серби улс нь Европын холбоонд элсэхийн төлөө идэвхитэй ажиллаж байгаа, 2015 онд Европын Аюулгүй байдал Хамтын Ажиллагааны байгууллагыг даргалахаар сонгогдсон. Түүнчлэн тус улсын паспорттой иргэд Шенгений орнуудад визгүй зорчдог.

Сербид хийсэн Гадаад харилцааны сайдын айлчлал нь зөвхөн тус улстай төдийгүй энэхүү бүс нутаг цаашлаад зүүн Европтой харилцах харилцаанд шинэ алхам болж байгаа юм. Айлчлалын үеэр сайд Л.Болд мөн Сербийн Худалдаа аж үйлдвэрийн танхимд  бизнес эрхлэгчидтэй уулзаж, Сербийн хоёр дахь том хот, аж үйлдвэрийн төв болох Нови Садад зочилж, уг хотыг Монголын хотуудыг холбон орон нутгийн түвшинд хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар хотын удирдлагатай ярилцлаа.

Гадаад харилцааны сайдын албан ёсны айлчлалын үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди, ЭСЯ-ны ажилтнууд байлцлаа.