Улаанбаатар хот дахь Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг хүлээн авч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад харилцааны сайд Л.Болд нар Улаанбаатар хот дахь Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг өнөөдөр хүлээн авч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээ дэвшүүлэх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Эрхэм Дипломат корпусын ахлагч aa,
Элчин сайд, Хэргийг түр хамаарагч нар аа,
Олон улсын байгууллагын төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Та бүхний энэ өдрийн амрыг айлтгая.
Өөрсдийн улс орон, олон улсын байгууллагаа Монгол Улсад төлөөлөн суух эрхэм үүргийг амжилттай гүйцэтгэж байгаа эрхэмсэг хатагтай, ноёд Та бүхэнтэй шинэ 2014 оноо угтан аваад удаагүй байгаа энэ агшинд уулзаж байгаадаа баяртай байна.
Хатагтай, ноёд оо,
Улиран одсон 2013 он Монгол Улсын хувьд үйл явдал арвинтай, өөрийн өнгө төрх, ул мөрийг түүхийн хуудаснаа үлдээсэн жил байлаа.
Бид байгалийн арвин нөөц баялгаа ашиглан эдийн засгаа төрөлжүүлэх замаар хүн амын амьжиргааг дээшлүүлэн, эрчимтэй хөгжих замдаа ороод байна. Энэхүү түүхэн цаг мөчид Монгол төрийн гадаад бодлого залгамж чанараа хадгалахын сацуу хэрхэн шинэчлэгдэж, Монголын ард түмний язгуур эрх ашигт хэрхэн үйлчилж ирснийг үнэлж дүгнэх, цаашид улс орныхоо хөгжлийг хэрхэн хурдасгах асуудал өнөөдөр зүй ёсоор тавигдаж байна. Тиймээс 2013 он бол "Том төрөөс ухаалаг төр рүү" шилжих бодлогын суурийг тавьж, цаашид олон чухал өөрчлөлт өрнүүлэх эхлэлийн жил байлаа.
Улиран одсон 2013 онд Монгол Улсын гадаад харилцаа эрчимтэй өрнөж, өргөн хүрээг хамарч чадлаа.
Хатагтай, ноёд оо,
Улиран одсон 2013 онд Монгол Улсын гадаад харилцаа эрчимтэй өрнөж, өргөн хүрээг хамарч чадлаа. Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлсэн жил байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хууль ёсны хүрээнд амжилттай болж өнгөрлөө.
Манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлыг амжилттай зохион байгуулсан нь дэлхий дахинаа ардчиллын үйл хэргийг бэхжүүлэх эрхэм үйлсэд хувь нэмэр оруулан, улмаар улс орныхоо нэр хүнд, олон улс дахь байр суурийг бэхжүүлэхэд нэн чухал арга хэмжээ боллоо. Түүнчлэн, Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлагыг хөгжиж байгаа бусад улстай хуваалцах зорилгоор 2013 онд Олон улсын хамтын ажиллагааны сан байгуулж анхны жилийн үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлсэн нь манай улсын зүгээс ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэн сахин хамгаалахад оруулсан бодит оролцоо байлаа. Тиймээс Монгол Улс энэ үйл ажиллагаагаа цаашид хэлбэрэлтгүй үргэлжлүүлэх болно.
Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд бусад улсын нэгэн адил идэвхтэй оролцож байна. Дэлхийн халуун цэгүүдийн нэг болох Өмнөд Суданд Монгол Улсын энхийг сахиулагчид өнгөрсөн онд үүргээ амжилттай биелүүлсэн. Цаашид ч гэсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэх болно.
Монгол Улс 2013 онд 11 улстай дипломат харилцаа тогтоох албан мэдээнд гарын үсэг зурсан, эдүгээ НҮБ-ын гишүүн 173 улстай дипломат харилцаатай болоод байна.
Миний бие өнгөрсөн жил Бүгд Найрамдах Польш улсад, БНАСАУ, Бүгд Найрамдах Мьянмарын Холбооны улс, Сингапур улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад тус тус айлчилж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулган, Дэлхийн эдийн засгийн ээлжит чуулга уулзалт, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 13 дугаар хуралдаанд оролцлoo. Монгол Улсын Их Хурлын дарга АНУ, Канад, Туркт тус тус айлчилж, Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд Япон, БНХАУ-д тус тус албан ёсны айлчлал хийлээ.
Европын Комиссын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Польш улсын Ерөнхийлөгч, Канадын Амбан захирагч, Данийн Вант улс, Бүгд Найрамдах Финланд улс, Бүгд Найрамдах Польш улс, Бүгд Найрамдах Солонгос улсын Парламентын дарга нар, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн I орлогч дарга, Япон, Бүгд Найрамдах Турк, Тайландын Вант улс, Беларуссийн Ерөнхий сайд зэрэг дээд, өндөр түвшний зочдыг эх орондоо хүлээн авч айлчлуулахад таатай байлаа. Эдгээр айлчлалууд нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой байсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Манай улс, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” төслийн хүрээнд “Монгол Улсын хөгжлийн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтыг 2013 оны есдүгээр сард зохион байгуулсан. Энэ нь манай улс бол хөрөнгө оруулахад нээлттэй, ардчилсан орон гэдэг үндсэн ойлголтыг гадаад оролцогчдод бататган хүргэж, олон улсын анхаарлыг татсан ач холбогдолтой арга хэмжээ болов.
Өнгөрсөн онд манай улс зарим улстай дипломат харилцаа тогтоосны тэгш ой тохиосон. Тухайлбал, БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Их Британи, Бүгд Найрамдах Австри улс, Бүгд Найрамдах Финланд улс, Египеттэй тус тус дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг амжилттай тэмдэглэн өнгөрүүлж, хоёр талын харилцааг идэвхжүүлэхэд хүчин чармайлт гаргасан нь ач холбогдолтой боллоо.
2014 онд хоёр талын болон олон талт шугамаар нилээд ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.
Хоёр хөрш, мөн “гуравдагч хөрш”, түүний дотор НҮБ болон олон улсын бусад байгууллагатай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн бэхжүүлэх нь тэргүүлэх зорилт хэвээр байх бөгөөд 2014 онд хоёр талын болон олон талт шугамаар нилээд ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Тухайлбал, 2014 онд Халх голын тулалдааны хамтын ялалтын 75 жилийн ой тохиож байгаа юм. Түүнчлэн, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгууль, Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний 2022 оны сонгуульд манай улс нэр дэвшиж оролцох бэлтгэл хангах, ХБНГУ, Швейцарийн холбооны улс, БНТУ зэрэг улстай дипломат харилцаа тогтоосны тэгш ойг тусгай төлөвлөгөөний дагуу тэмдэглэх болно.
Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайж ирсэн. Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах үүднээс миний бие Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г эхлүүлэх санаачилга гаргасан.
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг эхлүүлэх санаачлагыг амжилттай хэрэгжүүлэхэд хүндэт Элчин сайд нар, олон улсын байгууллагын суурийн төлөөлөгчид Та бүхний болон төлөөлөн суугаа төр, засаг байгууллагын өргөн дэмжлэг, туслалцаа нэн чухал юм. Тиймээс биднийг нэгтгэж байгаа нийтлэг эрх ашгийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.
Та бүхэн бол Монголоос гадаад ертөнцтэй харилцах гүүр болж ирсэнд Элчин сайд та нөхдөд Монголын төр, засаг талархлаа илэрхийлэхийн сацуу та бүхний төлөөлөн суугаа улс гүрэн, олон улсын байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаа энэ онд улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна.
Төрийн бодлого, хуулийн орчныг тогтвортой болгож, засаглалын хэлбэрийг сайжруулахад онцгойлон анхаарах болно. Энэ чиглэлд түншүүдтэйгээ олон улсын тавцанд хамтран ажиллахад таатай байх болно. Монголын төр хариуцлагатай байж, үндэсний эрх ашгаа дээдэлж, түншүүдийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэн удаан хугацаанд хамтран ажиллахыг зорьж байна. Энэ үйлсийг та бүхнийг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Энэ онд улс түмнүүдийн найрамдал, нөхөрлөл, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж, дэлхий ертөнц энх амгалан байх болтугай.
Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье” гэлээ.