ГХ-ны сайд Л.Болдын айлчлал үргэлжилж байна
Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаод бараалхсан байна.
Энэ үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хоёр тал тэмдэглэж, цаашид улс төр, эдийн засаг, соёл, хүмүүлэгийн болон бусад салбарт хамтран ажиллах болон бүс нутаг, олон улсын үйл ажиллагаан дахь хоёр талын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцжээ.
БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао уулзалтын үеэр “БНХАУ-ын зүгээс хөрш орнуудтайгаа, түүний дотор Монгол Улстай тогтоосон харилцаандаа түлхүү анхаарч, илүү дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх бодлого баримтлахаа илэрхийлэв. Гадаад харилцааны сайд Л.Болд хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар Хятадын талтай нягт хамтран ажиллаж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан гүнзгийрүүлэхийн төлөө байна” хэмээн онцолжээ.
Мөн Л.Болд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчитэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлыг хөндөн бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлуудаар ярилцсан байна.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Л.Болд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцевтэй уулзжээ. Монгол Улс бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны энэ байгууллагатай цаашид ч идэвхтэй хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа сайд Л.Болд илэрхийлээд ШХАБ-ын үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцсон байна.
Гадаад харилцааны сайд Л.Болд мөн өдөр Бээжин хотоос Монгол Улсад хавсран суугаа гадаад орнуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзан Монгол Улсын өнөөгийн байдал, гадаад бодлогын зорилтуудын талаар танилцуулжээ. Уулзалтад 40 гаруй орны Элчин сайд нар оролцсан байна. Түүнчлэн сайд Л.Болд Хятадын үндэсний түүхийн музейг үзэж сонирхон, “Ching daily” сонин, Phoenix телевизэд ярилцлага өгчээ.
Гадаад харилцааны сайд Л.Болдын энэ удаагийн айлчлал энэ сарын 21-нд өндөрлөх юм.