Монгол Улс Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын идэвхитэй түнш орон боллоо
Ерөнхийлөгч ДЭЗЧУ-ын хүрээнд Монголын уламжлал, соёл урлагийг сурталчилж байхаар ярилцлаа.
2014.01.27

Монгол Улс Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын идэвхитэй түнш орон боллоо

Гурван өдөр үргэлжилсэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт өндөрлөлөө.

Дэлхийн улс төр, бизнес, олон нийтийн байгууллагын бодлогыг тодорхойлогчдын жил бүрийн эхэнд уулзаж тухайн жилийнхээ болон ирээдүйн хэтийн төлөв, хандлагыг хэлэлцдэг энэ удаагийн чуулганд Монгол Улс идэвхитэй оролцож олон чухал хурал, хэлэлцүүлэгт байр сууриа илэрхийлэв.

Тус чуулга уулзалтын санаачлагч, Профессор Шваб Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэж уулзахдаа “Өмнө нь Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар Монгол Улсыг таниулах зорилготой байсан бол одоо бол Монгол Улс Давосын чуулга уулзалтад идэвхтэй оролцогч түнш улс боллоо.

Авлигын эсрэг асуудал, засаглалын асуудал, усны асуудал, хариуцлагатай уул уурхайн болон бусад асуудлаар Монгол Улс маш маш санаачилгатай, идэвхтэй оролцож Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад орон зайгаа баттай эзэлж байгаад би баяртай байна” хэмээв.  

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2016 оны Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулганыг Улаанбаатар хотноо хийх саналыг тавьсан бөгөөд Профессор Шваб талархан хүлээж авлаа. Мөн Ерөнхийлөгч ДЭЗЧУ-ын хүрээнд Монголын уламжлал, соёл урлагийг сурталчилж байхаар ярилцлаа.