Монголын хөгжлийн хувилбар хэлэлцүүлэг болов
энэ жил Монголын хөгжлийн стратегийг онцоллоо.
2014.01.27

Монголын хөгжлийн хувилбар хэлэлцүүлэг болов

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 44 жилийнхээ түүхэнд жил бүр нэгэн орныг сонгон авч хөгжлийнх нь стартегийн хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлалтай.

Өнгөсрөн жил ОХУ-ын хөгжлийн стратегийг хэлэлцэж, замын зураглал, зөвлөмж гаргаж байсан бол энэ жил Монголын хөгжлийн стратегийг онцоллоо. Ардчиллал, хүний эрхийг дээдэлсэн чөлөөт нийгмийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлж, улмаар эдийн засаг улс төрийн шинэчлэлийг амжилттай өрнүүлж буй Монгол Улс нь сүүлийн жилүүдэд дэлхийн нийтийн анхаарлын төвд орж ирсэн нь ийнхүү Монголын хөгжлийн хэлэлцүүлгийг өрнүүлэх үндэс болсон байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ДЭЗЧУ-тай идэвхитэй хамтран ажиллаж, олон чухал санаачилгуудыг хэрэгжүүлж байгаа нь Монголын хөгжлийн стратегийг тодорхойлох энэхүү хэлэлцүүлгийн урьдач нөхцөл нь байв. Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон УИХ-ын гишүүн, сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан,

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхийлөгчийн ҮАБГБ-ын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар болон бусад албаны хүмүүс оролцсон бол хэлэлцүүлгийн модератороор ДЭЗЧУ-ын ойрх дорнодын бүсийн төлөөлөгч, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, ДЭЗЧУ-ын Зохион байгуулалт хариуцсан захирал Эспен Батт Эйди, Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын захирал Мартин Дахинден, Японы Ерөнхий сайдын зөвлөх Койчи Хамада, Чилийн Адолфо Ибанезийн их сургуулийн профессор Эрик Парадо, Колумын их сургуулийн дэлхийн хүрээлэнгийн захирал Жефри Сагс нарын олон улс, дэлхий дахинд нөлөө бүхий зочид оролцсон юм.  

ДЭЗЧУ-ын зүгээс өнгөрсөн оны 9 дүгээр сард Монгол Улсад зочлон 200 гаруй экспертүүдтэй уулзаж, судалгаа шинжилгээнд тулгуурлан Монголын хөгжлийн стратегийн гурван хувилбарыг гаргасан бөгөөд тус хэлэлцүүлгийн үеэр дээрх хувилбаруудыг тойрч ярилцав. Монголын хөгжлийн хандлагыг байж болох хамгийн өндөр түвшинд, мөн дундаж түвшинд болон ердийн түвшинд гэсэн гуран янзаар авч үзсэн юм. Бид энэхүү мэдээний хавсралтад Монголын хөгжлийн хувилбарын тухай ДЭЗЧУ-аас гаргасан албан ёсны сэтгүүлийг хавсаргаж байна.

Монголын хөгжлийн хувилбар хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын энэ жилийн хуралдаанд Монголын асуудлаар ийнхүү хэлэлцүүлэг болж буйд бид талархаж байна. ДЭЗЧУ-аас гаргасан судалгаа болон зөвлөмжийг бид цаашид анхаарах болно. Энэхүү хөгжлийн зураглалын аль нэгээр нь Монгол Улс хөгжинө гэхээс илүү цаг үе, эдийн засаг, нийгмийн ханлагаас хамаарч өөрчлөгдөж болно.

Гэхдээ бид Том төрөөс ухаалаг төр рүү шилжих шилжилтийг хийж байна. Судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хуулийн засаглалыг дээдэлсэн ухаалаг төрийг бий болгосноор Монголын хөгжлийн зураглал илүү өөдрөг байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Мөн Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг онцолсон юм.