Сайд Л.Болд уламжлалт түнш Польш улсад айлчлав
Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 29-нд Бүгд Найрамдах Польш Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд Польш Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог байв.
Айлчлалын эхэнд сайд Л.Болд Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Шикорскистэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Гадаад харилцааны сайд Монгол, Польшийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхитэй хөгжиж ирсэн, ялангуяа өнгөрсөн онд хоёр орны Ерөнхийлөгч харилцан айлчлал хийж хамтран ажиллах олон чиглэлийг ярилцаж тохиролцоод байсныг тэмдэглэв.
Эдгээр ярьж тохирсон асуудлыг бодит ажил болгох, тэр дундаа хоёр талын эдийн засаг бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Польш Улсад айлчилж буйгаа тэрээр мэдэгдлээ.
ПОЛЬШИЙН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР НЭЭГДЭНЭ
Уулзалтын үеэр Польшийн тал Улаанбаатар дахь Дипломат төлөөллөө дахин нээж ажиллуулах чиглэлээр үе шаттай ажиллаж байгаагаа мэдэгдэж энэ онд багтаан Улаанбаатарт дипломат төлөөлөгчийн газраа нээн ажиллуулах гэж байгаагаа сайд Р.Шикорски мэдээллээ. Польшийн тал санхүүгийн асуудлын улмаас Улаанбаатар дахь ЭСЯ-аа 2009 оноос хаагаад байсан юм.
Энэ нь монгол иргэд виз авах, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд хүндрэл учруулж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд элчин сайдын яамыг дахин нээлгэх чиглэлээр манай Гадаад харилцааны яамны зүгээс ажилласны дүнд энэ оны эхнээс Польшийн визийг Монголдоо авах боломжтой болоод байсан нь анхны алхам байлаа.
Мөн талууд батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцааг гүнзгийрүүлэх, Европын Холбоо, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж ажиллах талаар тохиролцсоны зэрэгцээ олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Тухайлбал Польшийн тал НҮБ-ын 2015 оны Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд Монгол Улсыг дэмжихээ мэдэгдэв.
Уулзалтын эцэст сайд нар “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийн Протокол”-д гарын үсэг зурав. Чингэснээр 2011 оноос визгүй зорчиж ирсэн дипломат паспорт эзэмшигчдийн нэгэн адил манай албан паспорттой иргэд Польш Улсад 90 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болов.
Уулзалтын дараагаар сайд Л.Болд Польшийн нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхад цэцэг өргөв.