Сайд Л.Болд Латви улсад айлчиллаа
Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 27-нд Бүгд Найрамдах Латви Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд тус улсад хийж буй анхны айлчлал болсноороо онцлогтой бөгөөд хоёр орны уламжлалт найрсаг харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болов.
Монгол Улс Латви Улстай социализмийн жилүүдэд харьцангуй өргөн харилцаатай байв. Ригагийн нисэхийн дээд сургуульд манай улс энэ салбарын мэргэжилтнүүдээ бэлтгэж микроавтобус, автомашины төрөл бүрийн сэлбэг хэрэгсэл, газар тариалангийн зориулалттай бордоо цацагч импортолж байсан бөгөөд нэг үе монголын хөдөө нутгийн бараг айл бүрт тархсан “ВЕФ” хэмээх радио хүлээн авагч, шавар шаазан эдлэлүүд Латвид үйлдвэрлэгдэж байв.
Монгол Улс шинээр тусгаар тогтносон Бүгд Найрамдах Латви Улстай 1991 оны 10 дугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоож байжээ. Хоёр оронд өрнөсөн өөрчлөлт, шилжилтийн жилүүдэд хоёр талын харилцаа зогсонги байдалд ороод байсан бөгөөд харилцааг сэргээн хөгжүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2003 онд тус улсад албан ёсны айлчлал хийж байсан.
Айлчлалын үеэр сайд Л.Болд Латвийн Гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевичстэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвжүүлэн хөгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, боловсрол, соёлын харилцааг сэргээх, хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх шаардлага байгааг талууд онцлон тэмдэглэв.
Бүгд Найрамдах Латви Улс нь Европын Холбооны Зөвлөлийг 2015 онд даргалах бөгөөд нийслэл Рига хот нь Европын Холбооны энэ оны соёлын нийслэлээр сонгогдоод байгаа юм.
Мөн Европын Холбоо, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах талаар ярилцахын зэрэгцээ олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Бүгд Найрамдах Латви Улс нь Европын Холбооны Зөвлөлийг 2015 онд даргалах бөгөөд нийслэл Рига хот нь Европын Холбооны энэ оны соёлын нийслэлээр сонгогдоод байгаа юм.
Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш, Саэйма (Парламент)-гийн дарга Солвита Алботиня нарт тус тус бараалхав. Сайд Л.Болд Саэймагийн даргатай уулзахдаа хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоородын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцож, Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход гишүүн орны хувьд дотоодын процедуураа ойрын хугацаанд дуусгахад анхаарч ажиллахыг хүсэлт болгосон бол Латвийн тал бизнес, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх өргөн боломж байгааг онцлон үүний тулд парламент хоорондын хамтын ажиллагааны бүтцийг даруй бий болгох санал дэвшүүллээ.
Түүнчлэн айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Латвийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн агентлагт зочлон Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинг танилцуулах арга хэмжээнд оролцож, Латвийн бизнес эрхлэгчидтэй уулзав. Арга хэмжээний үеэр Латвийн бизнес эрхлэгчид Монголын бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоож, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа идэвхтэй илэрхийлж, хамтын ажиллагааны тодорхой төсөл, салбаруудыг онцолж байв.
Төмөр замаар шууд холбогддог манай хоёр орны хооронд эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх нь манай улсын хувьд Балтын тэнгисээр дамжин Европын Холбооны зах зээлд хүрэх, Латвийн хувьд Хятадын улам бүр хүчирхэгжиж буй эдийн засагтай харилцах боломж бий болгохоороо давхар ач холбогдолтой байж болохыг талууд онцолж байв.