Л.Болд: Бид үхлийн алдаа хийдэггүй
Coal Mongolia 2014
2014.02.20

Л.Болд: Бид үхлийн алдаа хийдэггүй

Өнгөрсөн оны 11-р сараас нэмэлт өөрчлөлт хийсэн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Өнөөдөр эхэлсэн Coal Mongolia 2014 чуулганаар илтгэл тавьсан сайд бүр энэ хуулийг сурталчилж байв.

Гадаад харилцааны сайд Л.Болдын илтгэл бүхэлдээ  чуулганд оролцож байгаа гадны төлөөлөгчид рүү чиглэсэн байв. Тэрээр Монгол улс хөрөнгө оруулахад таатай орон болсон гэдгийг хэд хэдэн баримтаар батлахыг зорьжээ.

Гадаад харилцааны сайд Л.Болдын илтгэлээс:

“Монголчууд өөдрөг учраас бүх саад бэрхшээлийг давдаг.  Бид алдаа гаргавал засч чаддаг. Гэхдээ үхлийн алдаа хийдэггүй. Сүүлийн жилүүдэд манай эдийн засаг байнга хоёр орон тоогоор өссөөр ирсэн нь уул уурхай, ялангуяа нүүрсний салбартай шууд холбоотой. Бид ардчилсан системийг эргэлт буцалтгүй сонгосон. Монгол нээлттэй орон. Энэ утгаараа бид бүс нутагтаа тэргүүлж байна. Бидэнд өөр арга зам байхгүй. Нийгмийн амьдралд томоохон нөлөөтэй шийдвэр гаргахдаа олон нийтийн саналыг авдаг боллоо. Энэ тогтолцоо өөрөө хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж байна.

Таван жилийн дараа бид эхний байруудад орох боломжтой.

Авлигатай тэмцэхэд төрийн хэмжээнд анхаарч ажиллаж байна. Монголын төр цэвэршин, Transparency International-олон улсын байгууллагаас гаргасан жагсаалтад бид авлигын индексээр 31 байр урагшиллаа. Таван жилийн дараа бид эхний байруудад орох боломжтой. Гадаадын хөрөнгө оруулагчид бидний эрх, хөрөнгө хэр баталгаатай вэ гэж асуудаг. Тэгвэл шүүх засаглал улам төгөлдөржиж байна. Шүүхийн 30-аад хуульд Ерөнхийлөгчийн санаачилгаар нэмэлт өөрчлөлт хийх гэж байна.

Нөгөөтэйгүүр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тооны хувьд өсч, чанаржлаа. Монголд юуг ч нуух боломжгүй. Иймд Ерөнхийлөгч “Бид сүүдрээ нуудаггүй” гэсэн байдаг.

Цаашид хөрөнгө оруулагчдыг дотоод гадаад гэж ялгахгүй. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль олон жилийн турш өөрчлөгдөхгүй. Одоогийн нээлттэй, олон намын систем үйлчилж байгаа цагт энэ хуульд гар хүрэхгүй. Алтны ил тод байдлын тухай хууль ч хөрөнгө оруулалтын таатай орчин бүрүүлэхэд нөлөөлнө.

Том төрөөс ухаалаг төр рүү шилжихээр болж байна. Тэгэхээр төр хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөхгүй. Харин шинэ санаачилгуудыг дэмжинэ.

Эцэст нь хэлэхэд бидэнд маш их баялаг байна, амьдралыг нь сайжруулах шаардлагатай гурван сая хүн байна. Нүүрс дагаж хөгжил ирнэ гэдгийг Монголчууд ойлгосон” Гэсэн юм.