Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  гишүүд хэлэлцэхээр дэмжлээ
2011.01.28

Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүд хэлэлцэхээр дэмжлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Д.Балдан-Очир, С.Бямбацогт нарын гишүүд санаачлан, өргөн барьсан билээ.

Компанийн сайн засаглалд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг Төлөөлөн удирдах зөвлөлийн  үйл ажиллагааг сайжруулах, үүрэг ролийг нэмэгдүүлэх зорилгоор хараат бус гишүүн, Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд хороо, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг шинэ ойлголт, зохицуулалтыг агуулсан 18 шинэ зүйл, заалт, өгүүлбэрийг шинээр нэмэхээр төсөлд тусгажээ .Түүнчлэн Хуулийн үйлчлэх хүрээнд төрийн өмчийн компанийн удирдлагатай холбоотой асуудлыг нэмж оруулах, компанийн төрөл, хэлбэрт өөрчлөлт оруулах, компанийг байгуулах, бүртгүүлэх ажиллаг ааг хялбар болгох, компанийн өөрийн хөрөнгө, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон  хувьцаатай холбоотой асуудал, ногдол ашиг хуваарилах, Хувьцаа эзэмшигчдийн хурал, түүнийг хуралдуулахтай холбогдсон асуудал, Төлөөлөн удирдах зөвлөл болон компанийн эрх бүхий албан тушаалтан, нэгдмэл сонирхолтой этгээд, тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт, их болон сонирхлын зөрчилтэй хэлцэл, тэдгээрийг хийх журам, компанийн талаар мэдээлэл авах зэрэг 60 гаруй зүйл, заалтыг өнөөгийн нөхцөл байдал болон энэ талаархи дэлхийн нийтийн нийтлэг жишигтэй нь уялдуулан өөрчлөн найруулсан байна.

Эдийн засгийн байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Ингээд гишүүд сонирхсон асуудлаар төсөл санаачлагч болоод байнгын хорооны даргаас асуулт асууж хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг,  Монгол Улсад бүртгэлтэй хэчнээн компани байдаг вэ. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаа хийдэггүй. Хувьцаа эзэмшигчдээ үл ойшоодог компанийн удирдлага олон бий. Энэ асуудлыг цэгцлэх талаар хуульд тусгаж өгсөн үү. Нэг хүн хэд хэдэн компани байгуулаад түүгээрээ дамжуулан банкнаас их хэмжээний зээл авчихаад дампуурчихдаг. Улсын бүртгэлийн газар энэ талаар мэдээлэл байгаа юу. Эдийн засгийн хямралд өртөн үүдээ барьсан компани бий юу. Бүртгэлд өөрчлөлт орсон асуудал байгаа юу хэмээн асуусан.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригтын хариулснааар 60 гаруй мянган компани Монгол Улсад бүртгэлтэй байдаг ажээ. Тэдгээрийн 10 гаруй мянга нь татвараа төлж, тайлан баласнаа гаргаж өгдөг гэсэн тооцоо  байдаг гэнэ. Компанийн удирдлагын ёс зүйтэй холбоотой асуудлыг хуулийн төсөлд оруулж өгсөн бөгөөд энэ хүмүүс компанийн ажилтнууд болоод хувьцаа эзэмшигчдийн өмнө ямар үүрэг хүлээх, үүргээ биелүүлээгүй бол ямар хариуцлага хүлээлгэх талаар хуулийн төсөлд тодорхой тусгасан ажээ. Харин Эдийн засгийн хямралтай холбоотойгоор бүртгэгдсэн компанийн тоо буураагүй юм байна.

Нэг этгээд хэдэн компанитай байхыг хуулиар хязгаарлаагүй бөгөөд олон компани байгууллаа гэхэд бүртгэхгүй гэж хориглох боломжгүй ажээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд компанийн үүсгэн байгуулагчийн ерөнхий мэдээлэл байдаг бөгөөд татвар төлсөн мэдээлэл, бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр зээлийн талаархи мэдээлэл байдаггүй юм байна.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Хөрөнгийн биржид хувьцаа гарган хөрөнгө төвлөрүүлчихээд дампуурсан үзэгдэл хэд хэд гарсан. Үүнийг нэг талаас луйвар гэж ойлгож болно. Хөрөнгийн зах зээлд хувьцаа эзэмшигчдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд Компанийн тухай хууль заалт оруулах ёстой байх. Энэ талаар хуулийн төсөлд тусгасан уу гэж лавласан.

Д.Зоригт гишүүн, Хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах компани хэр зэрэг нээлттэй байх вэ. Засаглалын хэлбэр нь хэр зөв бэ гэдэг нь хамгийн чухал зүйл. Хоёр банк хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлээд дампуурсан. Зөвхөн энэ хоёр банкаар хязгаарлагдахгүй. Олон компани бий. Хурлаа хийдэггүй, хувьцаа эзэмшигчиддээ мэдээлэл өгдөггүй. Цөөхөн хүний эрх ашгийг хамгаалсан шинжтэй ТУЗ нь ажилладаг. Энэ асуудлыг цэгцлэх заалтууд хуулийн төсөлд оруулсан хэмээн хариуллаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 87.2 хувь нь дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.