“Бүтээн байгуулалт”-аар шилэн тендэрийг хэлэлцэнэ
Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газраас “Бүтээн байгуулалт”-ын цаг уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай.
Уулзалт өнөөдөр 12.00 цагт Төрийн ордонд зарлагдсан бөгөөд шилэн тендэр, цахим дэлгүүр сэдвийн дор ярилцахаар болжээ.
Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд тендэрийг олон нийтэд нээлттэй болгох зорилго тавиад буй. Энэ хүрээнд тендэрийг цахим хэлбэрээр хүлээн авч хүнд суртлыг багасгахыг зорьж байгаа юм. Тендэр ил тод болсноор түүнийг дагаж гардаг авлига багасна гэж ч үзэж буй.
Мөн ажил аваад цаг хугацаандаа гүйцэтгэдэггүй, ямар нэг зовлон тоочоод зардлаа өсгөдөг зэрэг компаниудын мэдээлэл шилэн тендэрийн хүрээнд ил болж, хар дансанд бүртгэгдэнэ. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан компаниудыг дахин тендэрт оролцож ажил авахыг нь бүрмөсөн хориглох зохицуулалт ч хэрэгжинэ.