Шадар сайд Д.Тэрбишдагва
2014.01.28

Энэ жилээс тендерийн үйл ажиллагааг 100 хувь шилэн буюу цахим хэлбэрт шилжүүлнэ

Шинэчлэлийн засгийн газраас тендерийн үйл ажиллагааг бүхэлд нь цахим хэлбэрт шилжүүлэхээр шилэн тендер хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Энэ жилээс төрийн өмчийн томоохон компаниудын худалдан авах үйл ажиллагаа, тендерийг бүрэн цахимжуулхаар болсон байна. Энэ жил нийтдээ улсын хэмжээнд 530 тэрбум төгрөгийн төсөвтэй тендер зарлахаар болжээ.

Өнгөрсөн онд тендерийн үйл ажиллагааны 22 хувийг шилэн хэлбэрт шилжүүлжээ. Тэгвэл энэ жилээс тендерийн үйл ажиллагааг 100 хувь шилэн буюу цахим хэлбэрт шилжүүлэх зорилтыг засгийн газар тавьсан байна. Энэ ажлыг төрийн өмчит 18 байгууллагад хийхээр болсноо Шадар сайд дуулгалаа. 2014 онд нийт 1140 төсөл арга хэмжээ байгаа. Энэ бүх ажилд төсөвт өртөг, гүйцэтгэх хугацаа, тендерт оролцох нөхцөл, шалгууртайгаа бүгд сонирхсон иргэд, аж ахуй нэгжийн өмнө нээлттэй байгаагаа хэлсэн юм.

Шадар сайд Д.Тэрбишдагва “Энэ жилийн нийт бараа үйлчилгээний 3-ны нэгийг худалдан авах ажиллагааны газар зарлана. Мөн яам тамгын газрууд, үлдсэн хувийг хөдөө орон нутагт зарлана. Манай бизнес эрхлэгчид маш тодорхой мэдээллүүдийг өгч байгаа. Ямар нэгэн цаас, бичиг баримт цуглуулах шаардлагагүй, хүнд суртлын өмнө хүлээгээд байх шаардлагагүй болох юм” хэмээн хэллээ.

Төрийн өмчид хийгдсэн ажил чанаргүй, гүйцэтгэл удаан, өртөг өндөр гэсэн гомдол чирэгдэл их байдгийг онцолсон. Өнгөрсөн онд төрийн өмчид компаниудад хийгдэх ажилд 780-аад тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгасан. Гэвч оны эцэст 120 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн байх жишээтэй. Эндээс эрчим хүч, зам тээврийн салбар хамгийн их асуудал үүсгэсэн байна. Манай улс 73 мянга орчим аж ахуй нэгжтэй гэвч 10 хүрэхгүй хувь нь тендерийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог гэсэн тоон судалгааг албаныхан гаргажээ.