“Монгол цэргийн жавхаа” уралдааныг жил бүр зохион байгуулахаар болсон.
2014.02.24

Иргэн-цэргийн бахархлыг бий болгох “Монгол цэргийн жавхаа” уралдаан эхэллээ

Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан

Иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох, цэргийн албан хаагчдын үндэлэмжийг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг жил бүр зохион байгуулахаар болсон.

Нийслэлийн Засаг даргын “Монгол цэргийн жавхаа” уралдаан зохион байгуулах тухай А/63 дугаар захирамжийн дагуу тус уралдааныг 2014 оны 2-р сараас 5-р сар хүртэл 2 үе шаттайгаар зохион байгуулах гэж байна.

Уралдаанд Улаанбаатар цэргийн хүрээний нийт анги, байгууллагын офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчид оролцох бөгөөд анги байгууллагуудын тохижилт, эрүүл аюулгүй байдлыг бүрдүүлэх, жагсаалын чигдрэл зэргийг харгалзан үзэж шилдгүүдийг тодруулна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан ажлын хэсэг сар бүр ангиуд дээр ажиллаж, уралдааны үнэлгээг өгөх юм.

“Монгол цэргийн жавхаа” уралдаан

1-р шатнаас шалгарсан 9 ангийн жагсаалын үзүүлэх тоглолт 2014 оны 05 сарын 02-ны өдөр Их эзэн Чингисийн талбайд болох бөгөөд Тэргүүн, Дэд Гутгаар байрыг шалгаруулж орон сууц, үлээвэр хөгжмийн зэмсэг, Тусгай байрд мөнгөн шагналаар шагнахаар төлөвлөжээ. Уг уралдаан нь анги байгууллагуудын хөгжлийг ахиулах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлж, иргэн-цэргийн бахархалыг бий болгох өндөр ач холбогдолтой гэдгийг онцолж байгаа юм.

Энэ жилийн Тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл албан ёсоор зарлаж, уралдаанд оролцох анги, байгууллагуудад нийслэлийн туг гардууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Улс эх орныхоо аюулгүй байдлын төлөө зүтгэж буй эр цэргүүдээрээ бид үргэлж бахархдаг.

Тиймээс Монгол цэргийн жавхаа уралдааныг жил бүр зохион байгуулахаар болсон. Цаашдаа ч тэдний эрүүл аюулгүй орчинд алба хаах нөхцөлийг сайжруулахын тулд ажиллана. Нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэдэг та бүхний төлөө бид зүтгэх болно” гэж онцлон хэллээ