Д.Ганхуяг Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлэхээр болов
УИХ дахь АН-ын зөвлөлийн хурлаар ОХУ-ын "Роснефть" компаниас Засгийн газарт тавьсан санал тойрсон асуудал, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуягийг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Гурилын үнийн хөөрөгдөлд сайд арга хэмжээ эвч чадаагүй учраас огцруулах нь зүйтэй гэж тэд үзжээ. Харин "Роснефть"-ийн зүгээс тавьж буй саналыг илүү тодорхой болгох асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлэхээр болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас тодрууллаа.
-Уг нь аливаа асуудлыг УИХ дахь бүлэг, зөвлөл, холбогдох Байнгын хороогоор хэлэлцсэний дараа нэгдсэн хуралдаанаар ярилцдаг. ОХУ-ын "Роснефть" компаниас санал тавьсан төдийд Засгийн газар Дэгийн тухай хууль зөрчин чуулганы хуралдаанд Газрын тос, нефть бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлсэн. Энэ асуудлыг баасан гаригийн өглөө нь Бүлэг хэлэлцсэн юм билээ. Гэтэл АН-ын зөвлөлд юу ч мэдэгдээгүй.
Ардчилсан оронд стратегийн бүтээгдэхүүний дотоодын зах зээлээ хамгаалах нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал байдаг. Бөөний үнэ дээр хөнгөлөлт үзүүлэх нэрийдлээр шатахуун түгээх цэгээр дамжуулан жижиглэнгийн үнээс алдагдлаа олж авах гэсэн санаа байхыг үгүйсгэхгүй. Тус компани манайд 100 станц барихыг нь зөвшөөрвөл яг ямар хэмжээгээр, ямар хугацаанд хөнгөлөлт үзүүлэх нөхцөл тавиад буйг тодруулах зорилгоор Ерөнхий сайдад албан тоот хүргүүлэхээр болсон.
Зөвхөн ОХУ-аас биш Кувейт зэрэг улсаас эх сурвалжийг судлах, онцгой татварыг хөнгөлж
болох эсэх, нүүрснээс нефть үйлдвэрлэхийг хурдавчлах, Тамсагаас олборлож буй түүхий
нефтийнхээ оронд бензин худалдаж авах, компаниудад татаас олгох гэх олон гарцыг хайх
ёстой.
-Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тавихаар болсон гэж үнэн үү?
-Тийм асуудал хэлэлцээгүй. Зөвхөн дээрх компанийн зүгээс тавьж буй саналыг тодруулаач
гэж Ерөнхий сайдад асуудал тавьсан.
-Ц.Ганхуяг сайдыг огцруулахыг Байнгын хороо дэмжээгүй?
-АН-ын зөвлөлийн гишүүд огцруулах байр суурин дээр хэвээрээ байгаа. Байнгын хороонд МАХН олонх учраас тийм шийдвэр гарсан биз.