Сонин хэвлэл «шарласан нь»
19 дүгээр зууны дунд үеийн Америкийн шар хэвлэл
2014.03.11

Сонин хэвлэл «шарласан нь»

“Шар хэвлэл” гэдэг нэр томъёог бид сонсох болоод 20 гаруй жил болжээ. Элдвийн хов жив, цуурхал, үндэслэл муутай баримтуудыг нийтэлдэг, хямд үнэтэй хэвлэлийг “шар хэвлэл” гэнэ. Гэтэл чухам яагаад шар гэж? Яагаад улаан, ногоон, хөх байж болохгүй гэж?      

19-р зууны 90-иэд онд Америкт Дж. Пулитцер, У. Херст гэгч хоёр хэвлэлийн магнат барууны хэвлэлийн ертөнцөд өрсөлдөж байлаа. Тэд хоёул авьяаслаг сэтгүүлчид байсан юм.

Джозеф Пулитцер.

Залуу цагтаа эцгийн гэрээс зугатаж, иргэний дайны үед нэлээдгүй зовлон туулсан Дж. Пулитцер, маш алдагдалтай ажиллаж байсан «New York World» (Нью-Йоркийн ертөнц) сониныг 1878 онд худалдан авч хөл дээр нь босгов. Харин У. Херст, Дж. Пулитцерын дүү Альбертын эзэмшлийн, ширхэг нь нэг центээр борлогддог өдөр тутмын сонин «New York Journal»-ыг өөрийн болгожээ. Баян эцэг, эхийн мөнгөөр туйлсан түүнийг удахгүй дампуурна хэмээн хүмүүс ярилцаж байсан ч өөрийн сониныг Америкийн хамгийн том сонинуудын нэг болгож чадсан юм.

Хёрст, Пулитцер хоёр уншигчдын анхаарлыг татахын тулд бүхнийг хийдэг байв. Шударга ёсны төлөө тэмцэгч Пулитцер сониныхоо тэргүүн нүүрийг хамгаас чухалчилж, өөрөө макетыг нь хийнэ. Гэтэл Хёрст бол аливааг дуулиантай болгож харагдуулахад мөнгө хайрладаггүй нэгэн аж. Хэрэв сенсацитай мэдээлэл олдохгүй бол шууд санаанаасаа зохионо.

Уильям Рэндольф Херст.

Тэр үед зураач Ричард Фелтон Уткогийн “Хоганы нарийн гудамж” нэрт комикс нэлээд амжилт олоод байв. Гол баатар болох гудамжны хулиган, “шар жаал” хочит Бастер Браун нь цуврал алгасалгүй тод шар цамц «өмсдөг» байлаа. 1896 онд Хёрст, Пулитцер нарын дунд комиксыг хэвлэх эрхийн төлөөх тэмцэл өрнөв. Хёрст комиксыг өрсөн худалдаж авсан ч, Пулитцер илүү мөнгийг санал болгосны дараа Утко түүний сонинд хэсэг хугацаагаар ажиллав. Гэсэн хэдий ч Хёрст үнийг улам өсгөснөөр шар жаалыг зохиогчийнх нь хамтаар өөртөө үлдээж чадлаа. Энэ үйл явцыг ажиглаж байсан «New York Press» сонины редактор Э. Уордмэн өрсөлдөгч хоёр сониныг “шар хэвлэлүүд” хэмээн нэрлэжээ. Ингэж уг нэр томъёо үүссэн байна. Зарим нь шар хэвлэлийг 19-р зууны төгсгөлд бий болсон гэж үздэг нь алдаатай. Зөвхөн нэр томъёо л гэхээс, New York World, New York Journal-аас өмнө барууны хэвлэлүүд аль хэдийнэ «шарлачихсан» байсан.

1830-аад онд шар хэвлэл нийтийн соёлын нэгэн хэлбэр болтлоо хөгжив. Энэ чиглэлийн сонины эзэд Хёрстын томъёолсон “Хүн бол өөрийн байгалиас заяасан мөн чанарынхаа үүднээс гурван зүйлийг хамгийн их сонирхдог. Нэгдүгээрт өөрийгөө хамгаалах, амьд явах, хоёрдугаарт хайр дурлал, секс, гуравдугаарт амбици хийгээд алдар нэр” гэсэн зарчмыг баримтлах болов. (Өнөөдөр гэсэн ч хэвээрээ). Тэдний хувьд дээрх гурван зүйлийг хүний далд ухамсарт өдөөж өгөх нь чухал. Дэлхийн хоёрдугаар дайны үед шар хэвлэлийн өнгө нэг хэсэг «бүдгэрсэн ч» 50-60-аад онд “сексийн хувьсгал” дэлгэрэхтэй хамт улам хүчээ авчээ.

Шар хэвлэл гэсэн нэр томъёо үүсэх шалтгаан болсон шар жаал.

Х.Хефнерийн “Playboy” сэтгүүл нь цэвэр сексийн талаарх сэдэвт зориулагдаж бий болсон юм. Тод том гарчиг, эрээн мяраан зураг бүхий гэмт хэрэг, элдэв цуурхал, хэрүүл шуугиан, сексийн тухай болоод оддын амьдралд болсон үйл явдлын талаарх мэдээлэл 20-р зууны хоёрдугаар хагасын шар сонинуудын хуудсыг дүүргэх болов. Өнөө үеийн шар хэвлэл гэдэг бол хэрэглээний нийгэм дэх нэгэн том мөнгөний машин юм.       

1990-иэд онд манай сонинууд бас шарлаж уншигчдаа харь гаригынхантай «уулзуулж», Улаанбаатарын ойролцоо цагдаа нар алмас барьсан тухай мэдээлж “нүд бүлтийлгэн, чих дэлдийлгэж” байсныг бид мэднэ.       

Сонин хэвлэл шарласан түүх товчхондоо иймэрхүү. Харин та бидний толгой «шарлаад» байвал хэцүү хэрэг.