Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.03.13

Улаан шугам үндэслэлгүй тавьсан аж ахуй нэгжийн зураг төслийг хасах зохицуулалт бий

Нийслэл хотод барилга байгууламж барих газрыг ил тод нээлттэй тендерээр зарах ёстой.

Энэ хууль хэрэгжихгүй олон барилга нэгэнт баригдсан байдаг. Энэ сарын 31-н дотор тэдгээр барилгуудтай нийслэл хот шинээр гэрээ хийхээр болсон байна. Мөн хотод барилга барих журам шинээр батлагдана.

Нийслэл хотод гэр хорооллын иргэдийн өмчилсөн 0.7 га-гаас бусад газар нийслэлийн өмч. Хот дотор болон хотын захад ямар нэгэн аргаар газар авсан хэн ч газар эзэмшлийн гэрчилгээ авна. Энд ямар нэгэн газрыг үүрд өмчилсөн асуудал байх ёсгүй хэмээн хотын дарга хэллээ. Тэгэхээр одоо өмнө нь ямар нэг аргаар газар аваад барилга барьсан,газрын маргаантай байгаа компаниудтай шинэ гэрээ байгуулна гэлээ.

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл: Хөрөнгө оруулагчаа хүнд байдалд оруулж, хууль зөрчсөн компаниудад дуудлага худалдааны анхны үнэ өгөөд гэрээ шинэчлэх санал тавьсан.

Тэгэхээр өмнө нь газар аваад барилга барьсан компаниуд одоо тухайн барилгын дуудлага худалдааны анхны нэрлэсэн үнийг төлөөд эзэмшлийн гэрчилгээ авч болохоор болж байна. Харин эзэмшлийн гэрчилгээг тухайн барилгын насжилтийн хугацаагаар хийнэ. Энд орон сууц болон бусад үйлчилгээний зориулалтын барилгууд орж байна.

Шинэ журамд тусгаснаар барилгын улаан шугамын зураг төслийг төрийн байгууллага хийж амжихгүй, хүнд суртал, авилгалын сүлжээ үүснэ хэмээн барилгачид үзэж байна. Барилгын улаан шугам гэдэг нь тухайн газар барилга барих эцсийн цэгүүд. Энэ цэгийн зураг төслийг хийдэг 70 гаруй хувийн компаниуд байна.

Тэд барилга захиалагчийн халаасанд орж захиалгаар улаан шугам татдаг үүнээс болж барилга хоорондын зай алдагддаг. Тоглоомын талбай, ногоон байгууламж алдагддаг гээд олон асуудал гардаг юм байна. Харин энэ ажлын төлөвлөлтийг нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газар хянахаар болж байна. Улаан шугам үндэслэлгүй тавьсан аж ахуй нэгжийн зураг төслийг хасах зохицуулалт шинэ журамд тусгагдаж байна.