С.Бямбацогт: Оюутолгойн гэрээг сайжруулахгүй бол Засгийн газар огцрох ёстой
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний Техник эдийн засгийн үндэслэлд өгсөн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэж Засгийн газарт үүрэг өгөх боллоо. Үүнтэй зэрэгцэн гэрээний биелэлтийг ч хэлэлцэж Засгийн газрын бүрэлдэхүүнд тавьсан УИХ-ын гишүүдийн асуулгын хариултыг сонсох гэж байна. Гишүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд сэтгэл дундуур яваа. Энэ тухай УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анхнаас нь эх оронч бус болсон гэж шүүмжилж байсан. Үүнээс хойш гэрээний гүйцэтгэлээр Засгийн газарт хэдэнтээ асуулга тавилаа. Хангалттай мэдээлэл авч чадав уу?
-УИХ-аас хоёр ч ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Ш.Сайхансамбуу гишүүнээр ахлуулсан “Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах талаар санал дүгнэлт бэлтгэх”, Төсвийн байнгын хорооноос Ц.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ц.Батбаяр гишүүн “Оюутолгойгоос хүссэн мэдээллийг нь гаргаж өгөөгүйгээс ажлаа хийх боломж нь бүрдэхгүй байна. Бүтэн найман сарын турш мэдээлэл шаардаад авч чадсангүй. Монголын төр нэг хувийн компанийг дийлэхгүй байна. Тэгэхээр УИХ-аас өгсөн үүрэг даалгаврыг ажлын хэсэг биелүүлж чадахгүй нь. Тиймээс би ажлын хэсгийг ахлагчаас татгалзъя. Ажлын хэсгээ татан буулгаач. Монголын төр энэ компанийн өмнө толгой гудайлаа гэдгээ зарлая. Энэ компанийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явж байна уу гэдгийг төр хянаж чадахгүй. Төрд захирагдахгүй компани юм байна” гэж байсан. Мөн “ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах нэг шалгаан минь энэ байсан” гэдгээ ч хэлсэн. Д.Зоригт Оюутолгойн гэрээ байгуулахад анхнаас нь гар бие оролцсон. Эхнээсээ энэ компанид үйлчилсэн. УИХ-аас энэ компанийг хянах гэхээр Зоригт сайд, Оюутолгой компани нь ч хөдлөхгүй байна гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдсэн. Гэсэн ч УИХ-ын зарим гишүүдийн итгэл алдраагүй байна. УИХ-ын 57 дугаар тогтоолын гурав дахь заалтыг хэрэгжүүлэх талаар Засгийн газарт хугацаатай үүрэг өгье. Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан өсөн нэмэгдэх нөөцийн татвар Оюутолгой компанид үйлчлүүлэх боломжийг бүрдүүл гэдэг чиглэлээр хугацаатай үүрэг Засгийн газарт өгөх ёстой. Энэ үүргийг биелүүлэхгүй бол Засгийн газрын асуудлыг яръя гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны хурлаар ярилцсан.
-УИХ-ын 57 дугаар тогтоолын гурав дугаар заалтыг та санаачилж байсан. Гэвч энэ заалт хэрэгжихгүй байгаа. Монголын талын эзэмших хувь хэмжээг хөрөнгө оруулалтаа нөхсөн буюу 30 жилийн дараа гэж гэрээнд оруулсан. Энэ хугацааг наашлуулах боломж байна уу?
-Хувь нийлүүлэгчдийн гэрээнд энгийн хувьцааны 34 хувийг Монголын тал эзэмшинэ гэсэн. 30 жилийн дараа 16 хувиар нэмэгдэж 50 хувьд хүрнэ гэж бий. Яагаад 57 дугаар тогтоолын гурав дахь заалтыг санаачилсан гэхээр хөрөнгө оруулалтын зардлаа нөхсөнөөс хойш Монголын талын эзэмших хувь хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэх. 50-иас доошгүй гэдэг нь 50+1 байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хяналтын багцаа авах юм. Хөрөнгө оруулалтаа нөхөөд, ашгаа олсны дараа гэдгийг зориуд оруулсан. Гэвч хүлээж аваагүй. 30 жилийн дараа 50 хүртэлх хувь эзэмшихээр оруулж ирсэн. УИХ-ын гишүүдийн хэлж байгаа, тооцоо судалгаанаас харахад багадаа 2-4 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой. Тэгэхээр 2-4 жилийн дараа Монголын тал 50-иас доошгүй хувийг эзэмших боломжийг бүрдүүл гээд байхад 30 жилээр гэрээ хийчихээд сууж байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээ дандаа нууц байсан болохоор бид энэ асуудлыг хангуулж чадаагүй. Компанийн тухай хуульд энгийн, давуу эрхийн, алтан хувьцаа гэсэн ойлголт байдаг. Энгийн хувьцаа нь саналын эрхтэй ногдол ашиг авна. Давуу эрхийн хувьцаа нь ногдол ашиг авахаас саналын эрхгүй. Тэгэхээр нөхдүүд манай хувьцааг 34 биш 6 хувьд хүргэх гэж байсан. Тодруулбал, нэг бүр нь нэг сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий давуу эрхийн хувьцаа гаргалаа. Монголын ямар ч компани, иргэн эзэмших боломжгүй хувьцаа гаргаад ирэхэд Монголын эзэмших хувь хэмжээ 6 хувь болох аюул байсан. Үүнийг УИХ-ын гишүүд олж хараад ил гаргаж ярьсны хүчинд өөрчлөлт оруулж чадсан. Хэрэв мэдээгүй, сонсоогүй, яриагүй байсан бол Монголын эзэмших хувь 6 болох байлаа.
-57 дугаар тогтоолын гурав дахь заалтыг өөрчлөхгүй бол яах вэ. Засгийн газарт ямар чиглэл, үүргийг хэзээ өгөх вэ?
-Эдийн засгийн байнгын хорооноос тогтоол гаргаж Засгийн газарт хугацаатай үүрэг өгөх гэж байна. Энэ хугацаанд Засгийн газар Оюутолгойтой хэлэлцээр хийж энэ заалтыг өөрчилж чадахгүй бол хууль зөрчсөн гэж үзээд Засгийн газарт хариуцлага тооцно. Парламент УИХ-ын 40, 57 дугаар тогтоолын төслийг сайжруулах талаарх хийж болох бүх зүйлээ хийж, үүргээ гүйцэтгэсэн. Одоо Засгийн газрын ажил үлдлээ. Одоо харин Засгийн газар Оюутолгойн гэрээг сайжруулж чадахгүй бол огцрох ёстой.
-Оюутолгой компанийн хувь эзэмшигчид, дүрмийн сан нь өнөөдрийг хүртэл бүрхэг, мэдээлэл алга. Сүүлдээ “Айвенхоу майнз” компанийн хувьцааны ашгаас монголчууд хүртэх эрхгүй гэж байгаа. Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалт өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ талаархи мэдээллийг авч чадсан уу. Хэдийгээр нээлттэй болох вэ?
-Оюутолгой компанийг үүсгэн байгуулсан гэрээ, дүрмийн санд хэдэн төгрөг бүрдүүлсэн, хэн хэн гэгч хүмүүс хэчнээн хэмжээний хувь эзэмшдэг, дүрмийн санг бүрдүүлэгч хөрөнгө оруулагч компани нь үнэхээр хуулийн эрх зүйн чадамжтай этгээд мөн үү. Канад улсад бүртгэлтэй “Айвенхоу майнз” компани Оюутолгойн тодорхой хувийг эзэмшиж байна уу, эсвэл хаа нэг арал дээр татвар нуугддаг бүст бүртгэлтэй компани эзэмшиж байна уу гэдэг талаар Сангийн сайдад асуулга тавьж мэдээлэл авлаа. Мөн хөрөнгө оруулалтын зардал анх 1,7 тэрбум гэж байснаа 2,4 болсон. Дараа нь 4,1 болсон бол одоо зургаан тэрбум ам.доллар боллоо. Яагаад хөрөнгө оруулалтын зардал өсөөд байна. Хэр үндэслэлтэй байна. Гаднаас оруулж ирсэн тоног төхөөрөмжөө нэг сая ам.доллараар авчихаад 10 саяар бүртгүүлдэг, монголчуудад 500 ам.долларын цалин өгчихөөд 5000 ам.доллар гэж бүртгүүлэх байдлаар зориудаар зардлаа өсгөөд байгаа юм биш биз гэдгийг тодруулахаар асуулга тавьсан. Асуулгын хариу ирснийг удахгүй Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэнэ.
-НХХ-ийн сайдад Монголын талын ажиллах хүчний талаар асуулга тавьсан. Хүссэн хэмжээндээ хариулт авч чадсан уу. Нөгөө л гэрээтэй, ханган нийлүүлэгчдээ ажиллах хүчид оруулсаар байгаа?
-Оюутолгой компанид бус туслан гүйцэтгэгч хийж буй гар утас, цахилгаан хангамж, зам тээврийн аж ахуй нэгжүүдийн ажилчдыг ажиллах хүчний квотод оруулж байна. Өнөөдөр Оюутолгой компанид ажиллаж байгаа монгол ажилтан ямар цалин авч байна. Гадаадын ажилтан ямар цалин авч байна. Адилхан үүрэг гүйцэтгэж байгаа энэ хоёр хүний цалингийн ялгааг гаргаж ирэхийг шаардсан. Гадны ажилтан гэхээр хэдэн зуу, арван мянган ам.доллараар цалинждаг. Монгол ажилтан болохоор ганц хоёр зуу, үсрээд л гурваас дөрвөн мянган ам.доллар авч байгаа нь цалингийн зөрүү нь арваас зууд хүргэж байна. Ижил нөхцөлд үүрэг гүйцэтгэж хөдөлмөрийн бүтээн бүтээмж нь адилхан байтал шүү. Мөн монголчуудыг ажлын байраар хангана гэж байснаа өнөөдөр нийслэлд хог цэвэрлүүлээд хэдэн төгрөг өгч гэрээгээ зөрчиж байна.
-Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр сууж, асуулга тавьж мэдээлэл цуглуулж байна. Тэгэхээр Оюутолгойн гэрээнд ямар ямар өөрчлөлт оруулж болох саналууд гаргаж ирэх нь ээ?
-Хэдийгээр бид алдсан ч гэсэн Оюутолгойн гэрээг байгуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээг батлахдаа хувь нийлүүлэгчдийн гэрээг мэдээгүй. Энэ гэрээг олж авахаар өнгөрсөн онд дөрвөн сарын турш нэхэл дагал болж байж авсан. Одоо Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр сууж байна. Зөвхөн Оюутолгойн гэрээний алдааг олж харахаас гадна аль аль заалт нь “Айвенхоу майнз” компанид ашигтай, Монголын талд хохиролтой болсон. Аль нь хоёр талын эрх ашгийг тэнцүү хангаж байгаа гэдэгт зүйл заалт бүрээр нь дүгнэлт гаргуулж байна. Ингэхийн тулд гадаад дотоодын зөвлөхүүд, хууль зүйн төвтэй хамтарч ажиллаж байна. Ингээд зайлшгүй өөрчлөх шаардлагатай зүйл заалтыг нь гаргаж тавина. Түүнээс гадна Тавантолгой, Овоот толгой зэрэг дараа дараагийн томоохон стратегийн ордуудад хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулвал ийм байх ёстой гэдгийг тодорхой жишиг болгож тавина. Энэ ажлын хүрээнд Эрдэс баялгийн үндэсний нийгэмлэгээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ тодорхой ийм заалтуудыг зөрчсөн байна гэсэн санал ирүүлсэн. “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ноос УИХ-ыг тар гэсэн үндэслэлийн нэг нь Оюутолгойн гэрээг Монгол Улсын эрх ашигт илтэд хохиролтойгоор байгуулсан зүйл заалтаа засахыг шаардсан. УИХ энэ алдаагаа засна гэж санамж бичиг байгуулсан. Тиймээс энэ бүх санал үндэслэлийг тусгаж, тодорхой зүйл заалт нь Монгол Улсын эрх ашигт илтэд хохиролтой болжээ. Үүний оронд ийм заалт байсан бол харилцан ашигтай, Монгол Улсад илүү ашигтай байна гэсэн саналыг гаргаж өгөх зорилготой ажиллаж байна. Иргэний нийгэм, мэргэжлийн байгууллага, УИХ ажиллаад ирэхээр Засгийн газар ч хөдөлж хүлээж авах байх гэж найдаж байна.
-Оюутолгойн гэрээг сайжруулж чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй гэж та хэлж байсан. Энэ байр суурь хэвээр гэж ойлгож болох уу?
-2010 оны дөрөвдүгээр сард би “Оюутолгойн гэрээг сайжруулж чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй гэж хэлж байсан”. Тэр байр суурь дээрээ хэвээр байсан. Дээр хэлсэнчилэн УИХ үүргээ гүйцэтгэсэн. Гадны хөрөнгө оруулагч нарт ашигтай Монгол Улсад хохиролтой гэрээ байгуулсан байгаа. Үүнийг Монгол Улсад ашигтай, хөрөнгө оруулагч нарт алдагдалтай гэрээ болгох гээгүй. Харилцан ашигтай гэрээ болгохын төлөө ажиллаж байна. Зүгээр нэг хэлэх бус хэлсэн зүйлээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Цаашдаа ч ажиллана.