С.Бямбацогт: 702 тэрбум төгрөгийг салхинд хийсгэмээргүй байна
2010.12.22

С.Бямбацогт: 702 тэрбум төгрөгийг салхинд хийсгэмээргүй байна

2008 оны УИХ-ын сонгуулиар МАН, АН “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” хэлбэрээр иргэн бүрт 1-1.5 сая төгрөг олгох амлалт өгсөн. Амлалтаа биелүүлэх үүднээс “Хүний хөгжил сан”-гийн хуулийг санаачлан боловсруулж, эхний ээлжинд 120 мянган төгрөгийг иргэн бүрт бэлнээр олгож эхэлсэн. 2011 онд сар бүр 21 мянган төгрөг олгоно. Харин иргэд өөрсдийн санаачилгаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх болон хөрөнгө оруулалтын бусад хэлбэрээр авах тохиолдолд бэлэн бусаар бөөн дүнгээр олгохоор УИХ шийдвэрлэсэн юм. Эдгээрийг тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайд С.Батболдод өчигдөр асуулга тавьжээ. Түүнээс зарим зүйл тодруулав

-Бэлнээр тараах хувь хишгийн нийт дүн 700 гаруй тэрбум төгрөг. Тэр их мөнгийг ходоодонд шингээх бус эргээд ашгаа өгөх зүйлд зарцуулах ёстой гэж үзэж байна уу?

-2009, 2010 онд улсын төсвөөс 60 тэрбум төгрөгийг зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулсан нь үр дүнгээ өглөө. Гэтэл 2011 онд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт тодорхой хөрөнгө тусгагдаагүй.

Тийм учраас ажлын байр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын зориулалтаар хувь хишгээ зарцуулах хүсэлтэй иргэдээ дэмжихэд онцгой анхаарч, 2011 онд олгохоор төсөвлөсөн 702.5 тэрбум төгрө гийг үр дүнтэй зарцуулах шаардлагатай. Тэгэхгүй бол 2010 онд тараагдаад дуусаж байгаа 337 тэрбум төгрөг шиг үр дүнгүй зарцуулагдахад хүрч мэдэх учраас энэ асуудалд хэрхэн анхаарч байгаа талаар мэдээлэл авахаар асуулга тавьсан.

-Энэ мөнгийг бэлнээр тараавал үрэгдээд дуусах нь ойлгомжтой. Үйлдвэрлэл, бизнесийг дэмжихэд чиглүүлбэл бодит үр дүн нь юу байх бол?

-702.5 тэрбум төгрөг бага мөнгө биш шүү дээ. Жижиг, дунд бизнесийг дэмжих чиглэлээр олговол ойролцоогоор 200- гаад мянган ажлын байр бий болно гэсэн эдийн засгийн тооцоо гаргасан. Иймээс хувь хишгээ хөрөнгө оруулалтад зарцуулах үйл ажиллагаанд аль болох олон иргэнийг хамруулах хэрэгтэй. Иргэд хамтран хөрөнгө босгож үйлдвэр байгуулах, ажлын байр нэмэгдүүлэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Энэ талаар зохицуулалт хийхгүй бол иргэд мөнгөө бэлнээр авахад хүрнэ. Иймээс хувь хишгийг бэлэн бусаар олгох асуудлыг хэзээ, ямар арга замаар, ямар субъектын оролцоотойгоор шийдвэрлэх гэж байгаа талаар мэдээлэл авахыг хүссэн.

-21 мянган төгрөгийг жижиг, дунд бизнес эрхлэх хүсэлтэй бүлэгт бөөнөөр олгох сургаар баахан төсөл бэлэн болсон гэх?

-Улсын болон бүс, аймаг, сумын хэмжээнд байгуулах боломжтой үйлдвэр үүдийн жагсаалт, тооцоо судалгаа цаасан дээр гарчихсан боловч тэдгээрийг байгуулж, хэрэгжүүлэх төлөвлөлт, стратеги тодорхойгүй байдаг. Эдгээр асуудлыг тодорхой болгож, эдийн засгийн болон бусад бодлого хөтөлбөртэй уялдуулах шаардлагатай. 702 тэрбум төгрөгийг зүгээр л салхинд хийсгэмээргүй байна.

Г.Энх

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.