Ц.Элбэгдорж: Энхийг сахиулах үйл ажиллагаа том бодлого байх ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Энхийг сахиулагчдын гэр бүлийг дэмжих төв ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөллийн хамт БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З. Болдбаатар, ЗХЖШ-ын Ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын Иргэн, цэргийн харилцааны хэлтсийн дарга зэрэг албаны хүмүүс Ерөнхийлөгчтэй уулзсан юм.
Уулзалтын эхэнд Энхийг сахиулагчдын гэр бүлийг дэмжих төв ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Соёлоо Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид Монгол цэргийн өдрийн мэнд дэвшүүллээ.
Энхийг сахиулагчдын гэр бүлийг дэмжих төв ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Соёлоогийн танилцуулсанаар тус төвийнхөн дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байгаа дайчдад сэтгэл санаа, нийгмийн оюун санааны дэмжлэг үзүүлэх, итгэл найдвартай ар тал нь байх гол зорилготой ажиллаж ирснийг танилцууллаа. Монгол Улсын ЕрөнхийлөгчЦ.Элбэгдорж өөрөө цэргийн хүн. Мөн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Хүү нь Өмнөд Судан улсад энхийг сахиулаад ирсэн. Тиймээс энхийг сахиулагчид, тэдний ар гэрийн зовлон жаргалыг ойлгож мэдэрч ажилладагт нь баярлаж буйгаа илэрхийлээд үйл ажиллагаанаасаа танилцуулав.
Цэргийн төв госпиталиар эмчлүүлэх, оношлогоо, үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй байдгийг уламжиллаа.
Тэд бас тодорхой санал тавьж байлаа. Тухайлбал, энхийг сахиулагчдыггадаад улс оронд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ар гэрийнхэн, үр хүүхэд нь өвдөж зовсон үедээ Цэргийн төв госпиталиар эмчлүүлэх, оношлогоо, үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй байдгийг уламжиллаа. Тус төвийнхөн БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штабтай уялдаа холбоотой ажиллах, ар гэрийнхний нийгмийн асуудалд анхаарах зэрэг сэдвээр мөн санал дэвшүүлэв.
Монголын дайчид Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод 10 жил болох хугацаанд долоон оронд, давхардсан тоогоор 6000 гаруй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэжээ. Өнөөдрийн байдлаар 1300 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр “Манай армийн нэр нүүр, гол ажил нь энхийг сахиулах үйл ажиллагаа болоод байгаа юм. Аливаа асуудлыг дагаад шийдвэрлэх шаардлагатай асуудлууд гарч ирдэг. Намайг Өмнөд Суданд очоод энхийг сахиулагчдын байдалтай танилцаж байхад шийдэх шаардлагатай асуудлууд байсан. Хувцас формын асуудал байдаг. Наад зах нь хоёр ээлжийн, өвчин халдаагч шумуул хазахаас хамгаалсан хувцас байх хэрэгтэй. Хоол хүнс, зэвсэг, хангамжийн асуудал бий. Зэвсэг, техникээ НҮБ-д түрээслүүлээд, авсан мөнгөний 70 хувийг энхийг сахиулагчдад, 30 хувийг санд зориулдаг” гэлээ.
Одоогийн байдлаар төрийн сангаас энхийг сахиулагчдын санд 7,9 тэрбум төгрөг төвлөрүүлж, захиран зарцуулах эрх авчээ. Санд байгаа нийт мөнгө 20 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнийг тухай тухайн жилийн төсөвт суулгаж Сангийн яамнаас зөвшөөрсний дагуу зарцуулдаг байна. Энхийг сахиулагчдын чиглэлээр авч явуулж байгаа, хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотойгоор Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргахаар ажиллаж байгаагаа Ерөнхийлөгч энэ үеэр танилцууллаа. Энхийг сахиулах үйл ажиллагаа нь Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарын үндсэн ажлын нэг, том бодлого байх ёстойг мөн дурдаж байв.
Энхийг сахиулагчдыг хүн нэг бүрээр нь бүртгэх, Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх төвийг жинхэнэ утгаар нь ажиллуулах, ар гэрт нь анхаарах зэрэг асуудлыг албаны хүмүүст хандаж хэллээ. Цаашдаа энхийг сахиулах үйл ажиллагааны бааз суурийг нэмэгдүүлэх, бусад улс оронтой хамтарч цэргийн эмнэлгийг өндөр түвшинд хүргэх зэрэг ажил төлөвлөж байгаа юм байна. Энхийг сахиулагчдын ар гэр, үр хүүхдэд цэргийн төв эмнэлгээр үйлчлэх бүрэн боломж бий гэлээ.