Дэлхийн хот болоход засаг захиргааны нэгжээ зөв хуваарилах хэрэгтэй
Нийслэлийн удирдах зөвлөлийн уулзалт боллоо. Уулзалтаар дэлхийн хотуудын хот төлөвлөлтийн талаар хэлэлцсэн бөгөөд Метрополис хотын хэмжээнд хүрэхэд Улаанбаатар хот ямар өөрчлөлт шинэчлэл хийх талаар хөндсөн байна.
Монголын хотуудын холбоо нь монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан бүх аймгийн төв, 15 мянгаас дээш хүн амтай суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгох чиглэлээр ажилладаг. Мөн хот төв суурин газарт иргэдийн амьдрах ая тухтай эрүүл орчныг бүрдүүлэх зорилготой юм.
Тэгвэл өдрөөс өдөрт шинэчлэгдэж байгаа нийгмийн урсгалыг дагаад дэлхийн хот, ногоон хот, залуусын хот гэсэн ойлголтыг бий болгож байгаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд манай улсын хотууд хэрхэн ажиллах вэ гэдэг талаар өнөөдөр удирдах зөвлөлийн гишүүд уулзалт хийлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: Хот тосгоны эрх зүйн байдлын хуульд аймагт хот байж болно. Нийслэлийн засаг захиргааны нэгж дотор хориглосон байдаг. Бидний санаа бол Нийслэлийн Хан-уул дүүргийн зайсан хот гэх мэт нэршилтэй аж ахуйн үйл ажиллагаагаа хариуцсан байхыг хүсч байгаа. Бид бол засаг захиргааны нэгж гэдэг утгаараа хуулийн хэрэгжилтийг хариуцна шүү дээ. Хот бол өөрийн дүрэмтэй шүү дээ.
Дэлхийн хотуудын хэмжээнд хүрэхийн тулд манай улс засаг захиргааны нэгжийг илүү ойлгомжтой байдлаар хуваарилах хэрэгтэйг хэллээ. Бусад улс оронд хотын албан тушаалтан үйлчилгээ байгууллага бүр үүрэг эрх, тэр байтугай тодорхой соёл бий болгосон нь нийслэлчүүдэд дутагдаад байгаа юм.
Өнөөдрийн байдлаар манай улс хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу зохицуулагддаг бөгөөд засах шаардлагатай зарим заалтууд байгааг хэлж байлаа. Цаашид хотын зэрэглэл тогтоох, засаг захиргааны зөв нэгжид хуваарилах гарцтай болно.