Оюутан залуусыг цагийн ажилд зуучилж эхэллээ
Я.Санжмятав, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нар
2014.03.19

Оюутан залуусыг цагийн ажилд зуучилж эхэллээ

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын холбоо хамтран “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж өнгөрсөн баасан гаригт Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нар хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн юм.

Санамж бичгийн хүрээнд “Цагийн ажил” төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд зуныхаа амралтаар цагийн ажил хийж, өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий оюутан, залуучуудыг аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх юм. Мөн оюутан залуучуудыг Монгол Улсын шинэ бүтээн байгуулалтад татан оролцуулж түр ажлын байраар хангах, улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох, оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Тухайлбал, “Цагийн ажил” төслийн хүрээнд тус бүр 15 оюутны бүрэлдэхүүнтэй 28 баг хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчин хамгийн эрэлттэй байгаа төмөр зам, барилга, авто зам, хөдөө аж ахуй гэсэн салбаруудад ажиллах аж. Мөн 21 аймгийн 1 сумыг сонгож өвөлжөө барих болон багш, эмч, бизнесийн чиглэлийн 4 оюутнаас бүрдсэн баг сум тус бүрт ажиллах зэргээр оюутан залуусыг баг болгон хувааж, цагийн ажил хийлгэх юм. Түүнчлэн цагийн ажил хийж буй оюутнуудын хөдөлмөрийн хөлсийг ч мөн тооцсон байна. Тухайлбал, төмөр зам, барилга, авто зам, хөдөө аж ахуйд ажиллах оюутнуудын цалин 500 мянган төгрөгөөс доошгүй байх бол суманд ажиллах оюутнуудын цалин 200  мянга, харин өвөлжөө барих оюутнуудын цалин 500 мянган төгрөг байх аж. Зуны амралтаараа ажил хийхийг хүсч байгаа бол Монголын залуучуудын холбоонд очиж бүртгүүлээрэй.

Оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, зуны амралтаараа цагийн ажил хийх боломж олгож буй уг төсөлд 600 гаруй сая төгрөг зарцуулах юм байна.