МҮЭХ Залуучуудын холбоотой хамтран ажиллана
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Залуучуудын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, залуучуудыг дэмжих, хөдөлмөрийн харилцааны асуудлаар хамтарсан сургалт, судалгаа хийхээр энэхүү санамж бичгийг байгуулжээ.
Санамж бичгийн хүрээнд дараах ажлуудыг хийнэ. Үүнд:
-Залуучуудын эрх ашгийн талаарх бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого болон Залуучуудын тухай хуулийн төсөлд хамтран санал боловсруулан Улсын Их Хурал, Засгийн газар, бусад холбогдох байгууллагуудад хандан шийдвэрлүүлэх ажлыг хамтран зохион байгуулах;
- -Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх асуудлаар хамтарсан судалгаа хийх;
- -Хөдөлмөр эрхлэж буй залуучуудын хүсэл эрмэлзэл, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, олон улсын холбогдох байгууллагуудын уриалга чиглэлийн хүрээнд хамтарсан ажил зохион байгуулж, жил бүрийн Залуучуудын өдрөөр үр дүнг дүгнэж, олон нийтэд сурталчилсан уулзалт зохион байгуулах;
- -Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар зохион байгуулагдаж буй олон улсын хурал, бүсийн болон орон нутгийн шинж чанартай уулзалт, зөвлөлгөөнүүдэд хамтран оролцох, санаачлан зохион байгуулах, энэ талаар харилцан мэдээлэл солилцох;
- -Залуучуудад хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, зөвлөгөөн, уулзалт ярилцлагыг хамтран зохион байгуулах;
- -Хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн тусгай халамж шаардсан залуучуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй бодлого, хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх, тэдний оролцоог тэгш хангах зарчим баримтлан ажиллах;
- -МҮЭХ болон МЗХ-ноос хамтран залуучуудад зориулан зохион байгуулж буй үйл ажиллагааг олон нийт, залуучуудад сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллана гэсэн зүйл заалт байна.
“Залуучуудын асуудлын хүрээнд хоёр байгууллага хамтарч ажиллах шаардлага нийгэмд байна. Өнөөдөр Монголын нийт ажилгүй байгаа хүмүүсийн 61 хувь нь 35 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Тиймээс залуучуудыг нийгэмд зөв төлөвшүүлж, хөдөлмөр эрхлэх бололцоог нь хангаж өгөхийн тулд хоёр байгууллага өнөөдрийн санамж бичгийг байгуулж байгаа юм. Нэн түрүүнд хөдөлмөр эрхлэлт, залуучуудын ажилгүйдлийг бууруулах, нийгмийн хамгаалал, боловсрол зэрэг олон чиглэлээр хамтарч ажиллана” хэмээн МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.
Тус хамтын ажиллагааны үр шимийг ажилгүй байгаа залуучууд, ажилтай хэрнээ эрх нь зөрчигдөж байгаа залуучууд үр шимийг хүртэх боломж гарч байгаагаараа онцлогтой хэмээн талууд хэллээ.