Монголын хөгжлийг мэдлэгийн эдийн засгаар харж байна
Сурагчид
2014.05.28

Монголын хөгжлийг мэдлэгийн эдийн засгаар харж байна

Түүнчлэн энэ өдрийн хуралдаанаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Боловсролын сайд Л.Гантөмөр танилцууллаа.

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын шинэчлэн найруулсан төсөлд Боловсролын хөгжлийн стратегийг дараах байдлаар тусгажээ.

  • Сургуулийн өмнөх боловсролыг “хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх” гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс суурь, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын чухал үе,
  • Бага боловсролыг эх хэлний суурь чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий сурах арга барилтай монгол хүүхэд төлөвших үе,
  • Суурь боловсролыг амьдрах ухаан болон шинжлэх ухааны суурь мэдлэг, чадварыг эзэмшин, бүтээлчээр бие даан суралцах чадвар бүхий иргэн төлөвших үе,
  • Бүрэн дунд боловсролыг хүүхэд бүрийн сонирхол, авьяас чадвар, хөгжлийн онцлогт нийцсэн, сонголттой уян хатан хөтөлбөрөөр мэргэжлийн суурь эзэмших үе,
  • Дээд болон мэргэжлийн боловсролыг иргэдийг хөдөлмөрийн даяарчлагдсан зах зээлд амжилттай өрсөлдөх, бие даан ажлын байр бий болгох, улс үндэстний болон нутаг орны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, үндэсний инновацийн чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах чадамжтай болгох үе хэмээн хөгжүүлэхээр тус тус тодорхойлсон байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Энэ бичиг баримт бол Монгол улсын ирээдүйн хөгжлийн бодлоготой нягт уялдах ёстой. Энэ уялдаа нь ямар байна? Мөн дээд боловсролын зээлийн тогтолцоог цаашид яаж явагдах вэ? Өнөөдрийн тогтолцоо бол явцгүй байгаа. Дээд боловсролынхоо тогтолцооныхоо гажуудлыг хэрхэн засаж гэж байна вэ? 6 настай хүүхэд сургуульд ордог энэ байдал үргэлжлэх үү? Учир нь энэ асуудлыг дагаад хөдөө орон нутагт хамгийн том нийгмийн асуудал болоод байна."

Л.Гантөмөр "Манай яам Монголын хөгжлийг мэдлэгийн эдийн засгаар харж байгаа. Энэ чиглэлээрээ л бодлого тодорхойлж байгаа"

Ц.Даваасүрэн гишүүн "Хөтөлбөр гаргаж, хэрэгжүүлэх бол асуудал биш. Манайд гол нь мөнгө байдаггүй. Тэгэхээр хуучин шигээ 20 хувиа авах тал дээр ажиллаж болохгүй юу. Авъясыг нээх ёстой гээд түүн дээр тулгуурлаад хөтөлбөр гаргаад явж байгаа Боловсролын сайдыг бодлогыг би дэмжиж байгаа. Гэхдээ бид 90 оноос өмнөх сургалтын хэлбэрийг гажуудуулж болохгүй. Олон зуун мянган ажилтан бэлтгэдэг бусад улсын сургалтын хөтөлбөрийг яг авч болохгүй ээ."