Боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэх тогтоолын төслийг байнгын хороо дэмжлээ
Байнгын хорооны хуралдаан
2014.05.20

Боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэх тогтоолын төслийг байнгын хороо дэмжлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2014.05.20/ хуралдаанаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын шинэчлэн найруулсан төсөлд боловсролын салбарт урт хугацаанд тогтвортой баримтлах бодлого, стратегийг тодорхойлж, төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр тусгажээ. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого шинэчлэн батлагдсанаар боловсролын чанарын баталгааг хангах, олон улсын түвшинд өрсөлдөх чадвар бүхий боловсролын үйлчилгээг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс боловсролын салбарын дараах хууль тогтоомжид зохих өөрчлөлтүүд орох юм байна. Ингэснээр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай, Бага, дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай зэрэг хуулиудад өөрчлөлт орох ажээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан асуултдаа, сайн багш нартай байж боловсролын салбарыг хөгжүүлнэ гэдгийг онцолж, багш нарын хөдөлмөр нэмэгдэж байгаа ч ажлын үнэлэмж, нийгмийн баталгааны асуудал бодлогод яаж туссан талаар тодруулсан.

Цаашид бүх ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг асрах багштай болгох асуудлыг шийднэ гэв.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хариултдаа, тухайн багшийн эзэмшсэн арга барилаас шалтгаалж ажлын ачаалал нь өөр өөр байдаг. Цаашид багш нарын цалинг нэмэх бодлого барина. Ингэхдээ аль болохоор хүүхдүүдийг хамруулсан секц, дугуйлан зэрэг хичээлээс гадуурх үйл ажиллагааг урамшуулах чиглэлийг баримтлах зорилготой. Сургууль завсардсан хүүхдүүдэд боловсрол олгож байгаа өнөөгийн тогтолцоо үргэлжилнэ. Зургаан настай хүүхдүүдийг дотуур байранд байлгах асуудал үнэхээр хүнд байдалтай байгаа. Дотуур байранд хүүхэд асрах багш ажиллах тухай тогтоол 2010 онд батлагдсан ч хэрэгжилт муутай байна. Цаашид бүх ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг асрах багштай болгох асуудлыг шийднэ гэв.

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын шинэчлэн найруулсан төсөлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс асуудлыг нухацтай ярилцаж, чамбайруулан нэлээд хэдэн жилд гар хүрэхгүй мөрдөж ажиллах хэрэгтэй хэмээн үзэж буйтай Байнгын хорооны дарга санал нэг байгаагаа илэрхийлээд, ирэх долоо хоногт боловсролын суурь бодлогын талаар хэлэлцүүлэг зохион байгуулна гэдгийг дуулгалаа. Ингээд тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов.