Бага боловсролын шинэчлэлийг дэмжив
2014.05.27

Бага боловсролын шинэчлэлийг дэмжив

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Д.Батцогт,  Л.Энх-Амгалан нар бага боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг туршиж байгаа лаборатори сургуулиудаар зочиллоо.

Ирэх намар үндэсний хэмжээнд хэрэгжих бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг нийслэлийн 40 сургуульд жил гаруй хугацаанд туршиж байгаа юм.

 Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн хамгийн гол зорилго нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх. Тиймээс хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд сургалтын арга барил, заах арга, үнэлгээ, хичээлийн явц хэрхэн өөрчлөгдөж байгааг УИХ-ын гишүүд нүдээр үзэх нь зүйтэй гэж үзэн Сонгинохайрхан дүүргийн 12, Баянгол дүүргийн 28, Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн бага ангийн хичээлтэй танилцсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт “Ёс суртахууны хичээлд суулаа.

 Энэ хичээл үнэхээр чухал. Хүүхдийг багаас нь зөв төлөвшүүлж, хүмүүжүүлэх, Монгол ёс заншлаа дээдлэх сэтгэхүй суулгаж өгсөн маш их хэрэгтэй хичээл юм” гэсэн бол 28-р сургуульд ажилласан УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Монгол хэлний хичээлийг ингэж бусад хичээлүүдтэй уялдуулж зааж байгаа нь тун зөв. Нэг өдрийн хичээл бүр дээр өөр өөр сэдэв үзсэн хүүхдээс илүү нэг сэдвийнхээ дагуу бүх хичээлээ үзсэн хүүхэд илүү сайн ойлгоно гэдгийг харж, зөв алхам хийжээ. Хичээл үнэхээр сонирхолтой, сайхан ордог болсон байна” хэмээн онцолсон юм. Ингэж сургалтын хөтөлбөр, багшийн заах арга, сурах бичгүүдийг жилийн хугацаанд туршиж байгаа нь түүхэнд анх удаа юм байна. Ирэх намраас сургууль бүрийн бага анги шинэчилсэн хөтөлбөрөөр сургалтаа явуулна. Яваандаа улсын ба хувийн сургуулийн хооронд сургалтын чанарын ялгаа гарахгүй гэдгийг боловсролын яамныхан хэлж байна.